Европчууд бүсээ чангалахаас уйджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Европчууд бүсээ чангалахаас уйджээ

Европын холбооны орнуудын Засгийн газрууд сонгогчдоо өглөгч амлалтаар худалдан аваад сурчихсан байх юм. Өрийн хямралын цочроо гарч амжаагүй байхад тэдний ихэнх нь эдийн засгийн өсөлтөд мөнгө хөрөнгө хаяж эхлэхэд бэлэн байна. Болж л өгвөл Германы мөнгийг.

“Их найм”, НАТО-гийн орнуудын тэргүүн нарын уулзалт саммитууд шил дараалан цуварч байна. Мөн тавдугаар сарын 23-нд болох Европын холбооны албан бус саммитаар тус холбооны төр, засгийн лидерүүдийн ээлжит бус уулзалт төлөвлөгдөөд эхэлж байна. Саммит бүр дээр нь нөгөө л нэг Ангела Меркель (Angela Merkel) евро бүс ба холбооны орнуудын төсвийн хэмнэлтийн зарчмаа хамгаалдаг болов. Канцлер бүхий л хүчээрээ төсвийн сахилгын гэрээгээ батлуулах хүртэл цаг хожихыг оролдож байна. Гэрээг парламент нь баталсан цагт өртэй орнууд бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Гэвч Меркелийн холбоотнууд улам бүр цөөрсөөр л.

Европчууд бүсээ чангалахаас уйджээ

Ангела Меркельд атаархаад байх зүйлгүй болж байна. Өдөр өнгөрөх бүр л ямар нэгэн саад бэрхшээл гарч ирсээр. Төсвийн сахилга батын гэрээг холбооны дөнгөж 25 орны хооронд хийлгэж амжтал батлахаас нь өмнө эргэн харах хэрэгтэй болж байна. Меркель арай гэж нийт Европын үнэт цаас гаргахыг болиулж чадтал Францын шинэ ерөнхийлөгч Олланд дахиад л энэ санааг гаргаж ирлээ.

Испаничууд хэмнэлт болон ажилгүйдлийн эсрэг жагсч байна

Тэдний санаа тун энгийн. Мөнгийг өртэй орнууд нь биш Европын холбоо бүхэлдээ санхүүгийн зах зээлээс зээлэх хэрэгтэй болж байна. Мэдээж бага хүүтэй байна. Хэргийн гол нь энэ нь муу чансаатай орнуудад ашигтай харин чансаа сайтай орнуудад ашиггүй. Тэгэхээр хамгийн түрүүнд л Германд ашиггүй болно гэсэн үг. Харин Германы татвар төлөгчдөд тэд яагаад Грек, Испанийн өрийн үйлчилгээний эрсдэл, ачааллыг хуваалцах ёстой вэ гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?

ЕХ хөрөнгийн шилжилтийн эрсдэл рүү гулгаж байна

Францын ерөнхийлөгчийг дэмжигчид улам бүр нэмэгдэж байна. Гэхдээ улс төрийнхөө хувьд биш харин эдийн засгийн бодлогоор нь.

Италийн ерөнхий сайд Марио Монти бол консерватор. Гэтэл тэрээр Италийн өрийн дарамтыг  хөнгөлөх Европын үнэт цаасны төлөө байгаа. Их Британийн ерөнхий сайдын орлогч Ник Клегг либерал үзэлтэн. Гэтэл тэр Der Spiegel сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Нийтлэг валют шилжилтийн эрсдэл хийлгүйгээр оршиж чадахгүй” хэмээн хэлжээ. Клегг Германд хандан ЕХ-ны хүчин мөхөс орнуудад илүү их мөнгө гаргахыг уриалсан байна. Шууд татаас эсвэл Европын нийтлэг үнэт цаас гаргах нь зайлшгүй гэж тэрээр хэлэв.

Хэмнэлт, хөрөнгө оруулалт хоёрыг хэрхэн зэрэг хийх вэ?

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч асан Томас Миров (Thomas Mirow) Дойче Веллед (DW) ярилцлага өгөхдөө хэмнэлийн бодлого нь зөв зам гэж онцлов. Тэрээр хэрэв хамтын шийдвэр хайх арга замын тухай яриа хийхгүй, Германы шахалт л байна гэсэн сэтгэгдэл Европт төрж байгаа бол Берлиний байр суурь дэмжлэггүй болж байна гэдгийг сануулав. Тийм ч учраас Европын нөлөө бүхий Герман гэх том улс бусадтайгаа хэл амаа ололцон, зөвшилцөөний үндсэн дээр үр дүнтэй ухаалаг бодлого явуулах ёстой гэв.

Буулт хийх нь зайлшгүй

Карнегийн сангийн Брюсселийн салбарын тэргүүн Ян Техау (Jan Techau) “Эрт орой хэзээ нэгэн цагт Ангела Меркель байр сууриа зөөллөх болно” гэв. Европын хэмнэлтийн бүх арга хэмжээний бурууг Меркельд тохож байна. Зах зээлийг халаахын тулд тийш нь мөнгө зутгах кейнсианы гэх бодлого явуулахыг Германд эртнээс уриалж ирсэн. Ингээд одоо нэн ялангуяа Францын сонгуулийн дараа  канцлер буулт хийж магадгүй юм.

Германы сөрөг хүчин ч өртэй орнуудад сэтгэлийн дэмжлэгээ үзүүлж эхлэв. “Хэмнэлтийн бодлого унаж, Нидерланд, Румын, Грек, Францад засгийн газрыг солигдоход хүргэлээ” гэж социал-демократ Гернот Эрлер (Gernot Erler) тэмдэглэв. Түүний хэлээд байгаа санаа нь “Одоо хэмнэлт хангалттай. Эдийн засгийн өсөлт л одоо гол үг болох ёстой” гэсэн утгатай юм.
 
Румын дэх Засгийн газрын эсрэг жагсаал

Европарламентын дэд ерөнхийлөгч Александр Альваро ЕХ-ны бүтцийн сангуудад 250 тэрбум евро цугларсан байгаа гэж хэлж байна. Сангууд нь янз бүрийн орнуудын хөгжлийн төвшинг зэрэгцүүлэх зорилготой. Гэтэл зарим орнууд өргөдөл гаргасан ч зориулагдсан мөнгийг зарцуулж чадаагүй учир хуримтлал бий болжээ.

Хэмнэх ба хөрөнгө оруулалтыг хэрхэн зэрэг хийх вэ? Дэлхийн эдийн засгийн Гамбургийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Томас Штраубхар “Хамгийн гол нь мөнгө хэрэглээнд зарцуулагдахгүй байх ёстой. Өрийн дарамттай орнууд нийгмийн хуучирсан системийн болон хөдөлмөрийн зах зээлийн мөн үр дүн муутай төрийн удирдлагын өөрчлөлт хийх хэрэгтэй. Улс орон бүрт өөрийн асуудал байгаа” гэж үзэж байна. Харин Александр Альваро “Маргааш нь Европ цэцэглэх тийм хэт супер үр дүнтэй бордоо харамсалтай нь байхгүй” хэмээн онцлон сануулж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж