Бөхийн өргөөнд С.Жавхлан дуулна уу, байна уу, Н.Түвшинбаяр барилдана уу байна уу, Б.Гантогтох нь зодоглох эсэх нь хэнд ч падлий байхгүй. Түрээснийхээ мөнгийг төлчихсөн бол С.Жавхлан дуулах биш майлсан ч болно л доо. Н.Түвшинбаяр барилдах биш бүжиглэсэн болно. Ж.Мөнхбат МАН-ын нэрэмжит “Болор цом”-ыг зохион байгуулсан ч болно. Шүлэг биш, өгүүллэг уншсан ч түүний хэрэг. Бөхийн өргөөг Н.Номтойбаяр худалдаж авна уу байна уу, сонин биш. Даанч, Улсын их хурал бол Бөхийн өргөөнөөс өөр. Дуулдаг, барилддаг, бүжиглэдэг, караокеддог, хашгирдаг газар биш. Бидний өдөр тутмын амьдралд үйлчилдэг хуулиудыг боловсруулж, хэлэлцэж баталдаг газар. Өөрийн минь болоод үр хүүхдийн маань амьдралд нөлөөлөх хууль тогтоомжийг хүний бичсэн нэг дууг дуулаад л олны танил болчихсон нөхөр эсвэл барилдсаар байгаад толгой нь эргүүтчихсэн бололтой бөх боловсруулж, батална гэхээр аймшигтай санагдаад байна.
Яг үнэндээ өөрийнхөө намтрыг ч олигтойхон биччихэж чадахгүй нөхөд яаж Монголын хууль тогтоомжийг боловсруулж батлах юм бэ. Ядаж төрийн алба гэж ямар байдгийг яс махаараа мэдэрсэн бол яая гэхэв гэхсэн.
Энгийн иргэний насаараа зүүдэлж ч чадахгүй мөнгөөр /641 сая төгрөг/ганцхан цаг худалдан авч байгаа залуу сайд энэ улсын 29 хувийг эзэлж байгаа эмзэг бүлгийнхний эрх ашгийн төлөө дуугарч чадах болов уу, юу гэж бодож байна.
Би бодохдоо хуулийг хэр баргийн аавын хүү боловсруулаад баталчихдаг юм биш ойлгодог. Хууль гэдэг хэн нэгэн хэлүүлж бичдэг цээж бичиг, бүр хуулан бичиг яавч биш гэж боддог. Хуулийг амьдрал дээр түшиглэж боловсруулдаг гэж ойлгодог.
УИХ-д ороод л гэнэт л цоорчихгүй юм бол үнэндээ шилдэг хуульч болчихно гэж тэднийг бодохгүй л байна. Мөрөөрөө дуугаа дуулаад, бөхөө барилдаад, шүлгээ уншаад явбал УИХ-д гишүүн болохоос илүү улсдаа, түмэндээ, компанидаа, дэлхийд нэртэй төртэй байх биз. Ядахдаа өрөөлийг биш юм аа гэхэд өөрийгөө хүндэтгэж сурах хэрэгтэй биш үү. Эс бөгөөд “Амьтдын ферм”-д тавтай морил доо, залуус аа.