Энэ удаагийн парламент юу хийж чадсан бэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Энэ удаагийн парламент юу хийж чадсан бэ?

2008-2012 оны хооронд ажилласан парламент бүрэн эрхийнхээ хугацаан дахь отгон хуралдаанаа өчигдөр хийж өндөрлүүллээ. Ингээд гишүүдийн өнгөрсөн хугацаанд хийж амжуулсан, мөн амжилгүй үлдсэн ямар асуудал байгаа тухай сэтгэгдлийг нь сонслоо.

Ч.Сайханбилэг: Өнгөрсөн дөр­вөн жилийн ажлыг харахад сэтгэл өег байгаа. Ирэх дөрвөн жилд илүү олон түүхэн чухал шийдвэрүүд гаргах байх. Эдийн засгийн өсөлт айл бүрийн гэрт орсон, шударга ёс, авлига хээл хахуулийг эсрэг амжилттай ажиллах болно. Ардчилсан нам хэдий эрх бариагүй ч өнгөрсөн хугацаанд гол амлалтуудаа бүгдийг нь биелүүлж чадсандаа баяртай байна.

Ө.Энхтүвшин: УИХ нэлээд ачаалалтай ажиллалаа. Улс төрийн намууд, төлөөлөл өнгөрсөн хугацаанд нэлээд зөрчилтэй мэт харагдаж байсан байх. Гэхдээ өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүхий л боломжоороо ажилласан. Хэдийгээр өөр намын төлөөлөл байсан ч хамтран ажилласанд талархалтай байгаа.

Н.Алтанхуяг: Монголын нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах шийдвэрүүдийг гаргаж чадсан. Гэхдээ шийдэх ёстой олон асуудал үлдсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай зарим асуудал, жижиг мэт харагддаг атлаа том асуудал болох УИХ дахь бүлгийн хугацаагүй завсарлага авдаг тухайг өөрчлөх мөн л шаардлагатай. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явдаг байх учиртай. Үүний тулд завсарлагыг огт байхгүй болгох гээгүй, харин тодорхой хугацаатай болгох гээд байгаа юм. Энэ саналыг миний мэдэхийн найман жил дамнаж явлаа. Энэ удаагийн парламент ч мөн шийдэж чадсангүй.

Д.Зоригт: Энэ дөрвөн жилд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэд хэдэн хуулиуд баталлаа. Гол нь үйлдвэржилтийн ажлыг эрчимжүүлэхэд оролцож УИХ-аар энэ шийдвэрийг гаргуулж чадсандаа баяртай байна. Монгол Улс нь эдийн засгийн өндөр өсөлтийн гараан дээр байна. Өнгөрсөн хугацаанд тухайлбал, Өвөрхангай аймагт үйлдвэрлэлийн чиглэлээр 140 орчим төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Гэхдээ дараагийн парламентад үргэлжлүүлэн хийх ажил үлдсэн.


Э.Бат-Үүл: Би энэ удаагийн сонгуулиар УИХ-д нэр дэвшихгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн биш болсны дараа үүнийг хийчих минь яалаа гэсэн харамсал их төрнө. Гэхдээ миний хамгийн их олзуурхаж байгаа зүйл бол Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг баталсан явдал. Анзаарахгүй байгаа болохоос энэ хууль Монголын төрд зарчмын өөрчлөлт авчирч байгаа хууль. Та улс нийтийнхээ төлөө зүтгэнэ гэж байгаа бол өөрийгөө “нүцгэл” гэдэг хууль болсон. Төрд ажиллах гэж байгаа бол юу хийж байгаа чинь “нүцгэн”, ил тод харагдах ёстой. Одоо олон хүн үүнийг анзаарахгүй явж байна. Энэ бол Монголын төрийг эрүүлжүүлэхэд чухал алхам болсон.

Ц.Нямдорж: Миний хариуцсан арваад газар бий. Энэ бүх газарт ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх, албан хаагчдын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хувьдаа анхаарал тавьж ажилласан. Салбарын ажлын хувьд, гудамж тайван байлаа, хил тайван байлаа, хоригдол оргох явдал бараг гаргасангүй. Энэ бүхэн ажил хэвийн явагдаж байсныг харуулах байх.

З.Энхболд: Энэ удаагийн парламент дүнгээ зургадугаар сарын 28-нд ард түмнээр тавиулна. Одоо байгаа УИХ-ын бүрэлдэхүүнээс хэдэн хүн дахин сонгогдож байгаагаас дүн нь харагдана. Ерөнхийдөө УИХ цаасан дээр их ажил хийсэн. Харин бодитойгоор цөөхөн ажил хийлээ. Өчнөөн олон ажлыг хийж чадалгүй хойш тавилаа. Яг ямар ажлыг орхигдуулсныг нэр цохоод байх хэрэггүй болов уу.

Ж.Сүхбаатар: Бид дараагийнхаа парламентад зарим хуулийг үлдээж байна. Гэвч Монгол төрийн тасралтгүй холбоо, уламжлал гэх зүйл бий. Миний хувьд энэ хугацаанд нэр төртэй ажиллахыг хичээсэн.

С.Эрдэнэ: Сүүлд баталсан Боловсролын тухай хуулиар энэ салбарыг тэргүүлэх салбар гэдгийг онцолж өгсөн. Дээр нь, олон мянган багш нарын хөгжлийн болоод нийгмийн асуудлыг шийдэж чадсанаар хууль чухалд тооцогдож байгаа.

Н.Ганбямба: Хамгийн сүүлд батлагдсан хуулийг миний хувьд онцгойлон үзэж байгаа. Тодруулбал, энэ удаагийн парламент инновацийн тогтолцоог бүрдүүлж чадлаа. Мөн байгаль орчны салбарын багц хуулийг баталсанд баяртай байна. Монгол улсын 29 сав газрыг захиргаатай болгоод хамгийн том бүрэн эрх өгсөн. Лиценз олгох эрхийг авахаас өмнө усны сав газраас зөвшөөрөл авсан байх шаардлагатай болгож байгаа.

Д.Ганхуяг: Өрсөлдөөний хууль, ЖДҮ-лэлийн тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Байгаль орчны багц, Шүүхийн багц хуулиуд гээд хэд хэдэн сайн хуулиуд гаргасан гээд тоочиж болно. Жил гаруйн өмнөөс хэлэлцэж эхэлсэн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг мөн онцолмоор байна. Улс оронд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бий. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Гол нь хуулийг хэрэгжүүлэх нь чухал. Иймд дараагийн парламент хуулийн хэрэгжилтийг хангах талд нь анхаарах ёстой.

Д.Балдан-Очир: Өмнө нь аль нэг нам дангаараа шийдэж чаддаггүй байсан цөөнгүй асуудлыг энэ удаагийн парламент хийж чадлаа. Монгол Улсыг дараагийн 20 жилд эрчимтэй хөгжих боломжийг бий болгосон. Энэ хугацаанд банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талд анхаарснаар ахиж Анод, Зоос шиг банк дампуурахааргүй болсон.

Г.Занданшатар: Сүүлд баталсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн ач холбогдол бүхий хууль болж чадсан. Үндэсний аж ахуй нэгж сэргэн хөгжих, ажлын байр бий болоход үр дүнгээ өгнө.

Сайд Д.Зоригт: Уул уурхайн салбарт үсрэнгүй хөгжил авчирлаа. Тэр дундаас Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах холбогдох шийдвэрүүдийг УИХ-аас гаргалаа. Энэ шийдвэрүүдийг түүхэн шийдвэр, Монгол Улсын эдийн засгийг шинэ төвшинд гаргах шийдэл байлаа. Өнгөрсөн жил 17 хувиар Монгол Улсын эдийн засаг өссөн. Эдгээр шийдвэрийн үр дүнд өнөөдөр хүн бүр сар бүр 21 мянган төгрөгийн тэтгэлэг, оюутан бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг авч байна. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдрөөс эхлэн мөнгөө авч эхэлж байна.

Д.Арвин: Өнгөрсөн дөрвөн жилийн ихэнх хугацаанд хамтарсан засаг ажилласан. Үндсэндээ сөрөг хүчний оролцоо, дуу хоолой гараагүй. Үүнтэй холбоотойгоор энэ парламент бодлогын чанартай хууль баталсан ч тэдгээрт чанарын хувьд бас эргэн харах зүйл олон гарсан.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж