260 гаруй тахь байгальд зэрлэгшин нутагшиж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

260 гаруй тахь байгальд зэрлэгшин нутагшиж байна

Ази-Европын холбооны уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын IV хурал Улаанбаатарт хоёр дахь өдөр болж өндөрлөлөө. Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь хоёр тивийн орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой аж. Мөн Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 орон, Монгол, Австрали, БНХАУ, БНСУ, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 46 улс болон Европын Комисс, АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар гишүүнээр нь ажиллаж байна. Байгаль орчны сайд нарын уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Ази-Европын холбооны байгаль орчны сайд нар Хустай аманд мод тарьж, Монголд төдийгүй дэлхийд ховордсон тахийг хэрхэн нутагшуулж, тоо толгойг нь өсгөж байгааг сонирхсон юм.

БОАЖ-ын сайд Цогтбаатар “Ази-Европын холбооны гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын хурлын ач холбогдол нь байгаль орчноо хэрхэн хамгаалах, цаашид ногоон эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр бид байгаль орчны маш олон тушрлага судлах боломжууд нээгдэж байгаа. Тухайлбал, Голланд улсаас усны эх үүсвэр бий болгох, ус ашиглах шинэ технологи зэргийг нь судалж, мэдээлэл авсан. Ойн асуудлаар Шведийн төлөөлөгчдөөс ойн зөв менежментийг суралцах, туршлага солилцох, мөн олон улсын түвшинд байгаль орчны асуудлаа ярилцах зэрэг асуудлыг хэлэлцсэн, үр дүнтэй хурал болсон. Энэ ажлын үргэлжлэл нь бид ирсэн зочид төлөөлөгчидтэйгээ хамтран мод тарих, Монгол Улс ховордсон ан амьтнаа нутагшуулах, тоо толгойг нь нэмэгдүүлэх 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж байгаа юм” гэлээ.  Хустайн аманд одоогоос 20 жилийн өмнө 15 тахь нутагшуулж өдгөө 260 гаруй болсон. Дэлхийд гайхагдсан зэрлэг адууг хэрхэн нутагшуулж, хамгаалах ажлыг “Тусгай цогцолбор хамгаалалтын газар”  төрийн бус байгууллага хийдэг аж. Ингэснээр гадны болон дотоодын жуулчдыг татах, олсон орлогоороо байгаль орчиноо хамгаалах зэрэг ажлыг хийдэг аж. Харин түүнээс олон тооны буга нутагшиж байгаа юм байна. Сүүлийн үед байгаль орчны асуудлаас болж ан амьтан ховордох, дүрвэх асуудлууд олон гарч байгаа. Үүнийг төрийн бус байгууллагууд нутагшуулан, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь байгаль орчноо хамгаалахад дан ганц салбарын яам биш төрийн бус байгууллага, иргэд ч мөн хамтран ажиллах ёстойг албаныхан онцолж байлаа. 

“Анх 1992 оны зургадугаар сарын 5-нд анх 15 тахь ирж байсан бөгөөд түүнээс хойш найман жилийн турш 84 тахь нутагшуулсан бөгөөд одоо энэ тоо 260 гаруй болсон. Дэлхий дээр цөөхөн газар байгальдаа зэрлэгшин нутагшиж байгаа тахьтай газар гэвэл Монголоос өөр газар байхгүй.  Тахь нутагшуулж эхэслнээс хойш байгаль хамгаалах олон төрлийн төсөл боловсруулж үүнийгээ дагаад ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой. Зөвхөн байгаль хамгаалахад жилд 400 сая гаруй төгрөгийг зарцуулж, 14 мянган орчим гадаада дотоодын жуулчид хүлээн авч, олсон орлогоо байгальдаа зарцуулдаг” гэж “Тусгай цогцолбор хамгаалалтын газар” төрийн бус байгааллагын захирал Н.Банди хэлж байлаа.

Ази, Европын орны Байгаль орчны сайд нэр бүтэн өдрийн турш тахь, бугыг хэрхэн нутагшуулж байгаатай танилцсанаар энэ удаагийн Байгаль орчны сайд нарын хурал өндөрлөсөн юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж