Дуучин Кэти Перр нөхрөөсөө яагаад салснаа тас нууж байсан ч хувийн амьдрал нь юунаас болж нуран унасан талаар баримтат кино хийх гэж байгаа гэнэ. Өдгөө 27 настай дуучин бүсгүй саяхан Эллен Де Женересийн телевизийн алдартай шоунд оролцохдоо баримтат кино хийх гэж буй талаар ам алджээ. Тэрбээр баримтат киноныхоо нэрийг хүртэл бодож олсон аж. “Part of Me” хэмээх кинондоо Кэти хувийнхаа амьдралын талаар болон Их Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэндээс яагаад салсан тухайгаа өгүүлэх гэнэ. Рассель Брэнд дуучин эхнэртээ одоо ч хайртай, түүнээс салсан нь хамгийн болчимгүй алдаа байсан гэж ярьсны дараа Кэти ийн мэдэгдсэн байна. Кэти Перри “Хүмүүс биднийг төгс хос гэж боддог байсан. Гэвч үнэн хэрэгтээ бид төгс хүмүүс огтхон ч биш” хэмээн ярьжээ. Рассель Брэнд эхнэрээсээ салах өргөдлөө өгсөн ч шүүх тэдэнд эвлэрлийн зургаан сарын хугацаа өгчээ. Тэдний салах өргөдлийг ирэх долдугаар сард шүүх авч хэлэлцэх аж.
Н.ЭНХ