Мюзиклийн гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзаан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ нар тоглосон. Харин ерөнхий продюсераар жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг ажилласан төдийгүй өөрөө мюзиклийн нэгээхэн хэсэгт дүр бүтээсэн юм.
Олон удаа тайзнаа амилж байсан алдартай энэхүү гайхамшигт бүтээл энэ удаад мюзикл болж, гурван давхар тайз зассанаараа үзэгчдэд өвөрмөц мэдрэмж төрүүлсэн юм. Жүжиг эхлэхдээ хамгийн доод талын тайзан дээр өрнөнө. Өрнөл хэсэг дээд давхруудад болж, тайлал нь үндсэн тайзнаа өндөрлөв.
“Найрын ширээний ууц” жүжиг нь үе үеийн жүжигчдийн чадварыг сорих талбар байсаар ирсэн хамгийн алдартай жүжигт зүй ёсоор тооцогддог бүтээл билээ. Мюзикл хэлбэрээр, шинэ өнгө төрхөөр тайзнаа амилсан “Найрын ширээний ууц” мюзикл үзэгчдэд таалагдсан. Хоёрхон өдөр үзэгчдийн хүртээл болсон тус мюзиклийг ирэх намар буюу наймдугаар сард дахин тоглоно гэдгийг уран бүтээлчид нь дуулгасан юм.