Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн үндэсний семинарын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр аймаг, дүүрэгт байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Өөрөө өөртөө туслах бүлгийн үйл ажиллагаатай танилцах, тэдгээр бүлгийг цаашид тогтвортой ажиллуулж, улмаар өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж, дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх. Мөн бусдад өөрсдийнхөө юу хийж бүтээж чаддагыг харуулж, олон нийтийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахад оршиж байна.
Семинарт АИФО байгууллагын Энэтхэг улсын суурин төлөөлөгч Жоуз Манникатан уригдан оролцож байгаа юм. Ноён Жоуз Манникатан 2007 онд “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчдыг “Өөрөө өөртөө туслах бүлэг байгуулах” талаар сургалтанд хамруулж, сургагч багш нарыг бэлджээ. Үр дүнд нь 2008 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Өөрөө өөртөө туслах бүлэг 60 гаруй байгуулагдсан юм байна. Энэ жил “Тэгш Дүүрэн” хөтөлбөр сургагч багшдаа ажлынхаа амжилтыг тайлагнаж, цаашид анхаарах зүйл дээрээ зөвлөмж авах юм.
Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг 1978 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутгийн нөөц бололцоог дээд зэргээр ашиглан үзүүлэх стратеги юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагууд хамтран ажилласны үр дүнд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог баталгаажуулж, нийгэмд хамруулж, амьдралын чанарыг сайжруулж, тэдний хэрэгцээг өргөн хүрээнд авч үздэг олон салбарын стратеги болж хувирсан.
Монгол Улсын хувьд энэхүү хандлагыг хэрэгжүүлж, ЭМЯ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг 1991 оноос хойш Италийн төрийн бус АИФО байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд олсон ололт амжилт, тулгарч байгаа бэрхшээл, цаашдын хийх ажлынхаа талаар жил бүр Үндэсний семинараараа хэлэлцдэг уламжлалтай билээ.