"Их Монголын алтан одод-2" шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтын баатрууд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр болох бусад сонирхолтой тэмцээнд мөн өрсөлдөх юм байна. Үзэгчдийн дундах тэмцээнийг ч бас зохион байгуулагчид мартаагүй байгаа. Хэрэв таны аз таарвал үзэгчдийн тэмцээний ялагч болсноор Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой юм.
Сумочид өчигдөр “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Хэвлэлийн бага хурал хийсэн байгаа. Энэ үеэр үндэсний бөхчүүдийн шигшээ багийн ахлагч, даян аварга Г.Өсөхбаяр “Манай бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа” гээд төвийн тоглогч нь улсын арслан Д.Ганхуяг хэмээн онцолсон бол сумочдын багийн ахлагч Хакухо М.Даваажаргал багийнхаа шилдэг тоглогчоор Какурюү М.Анандыг хэмээн нэрлэж байлаа.
“Хакухо” сан, “TLG-13”, “Мон лаа” компани, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-иас хамтран зохион байгуулж буй сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбарын үнэ 15.000 төгрөг. Тоглолтын орлогыг буяны үйлсэд 100% зориулах бөгөөд үүнд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах, 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах зэрэг тусламжууд багтаж байгаа ажээ.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийн багт даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ. Харин урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр болсон байна.
“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр”Монгол масс медиа” групп буюу “Боловсрол суваг” телевиз, NEWS.mn сайт, “Eagle News” TV болон “Sport box” зэрэг мэдээллийн сувгууд ажиллаж байна.