Египетэд анхны чөлөөт сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Египетэд анхны чөлөөт сонгууль эхэллээ

Египет Арабын ертөнцийг донсолгосон хувьсгалын шуургаар Ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш 15 сарын дараа Египетэд ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль болж байна. Египетэд 50 сая хүн сонгууль өгөх бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 8.00 цагт нээсэн санал хураах байрнуудад урт дараалал үүсч байгаа гэнэ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Хосни Мубаракийг зайлуулсны дараа түр Засгийн газрыг тэргүүлэх болсон цэргийн зөвлөл сонгуулийг шударга явуулахаар амласан аж. Египетийн сонгуулиар шашныг эсэргүүцэгчид болон Мубаракийн үеийн Засгийн газрын сайд нарыг эсэргүүцэгч хувьсгалчдыг шахах хандлагатай байгааг ажиглагчид бичиж байна.

Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд:

  • Нисэх хүчний командлагч асан, эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэх үед Ерөнхий сайдаар түр томилогдсон Ахмед Шафик,
  • Араб лиг, Египетийн Гадаад харилцааны сайд асан Амр Мусса, 
  • Лалын ахан дүүсийн Эрх чөлөө, шударга ёс намын тэргүүн Мохаммед Мурси,    
  • Исламын бие даан нэр дэвшигч Абдул Монейм Абоул нар нэр дэвшжээ.

Таван мянган жилийн түүхтэй Египетийн ард түмэн анх удаа улсынхаа лидерийг чөлөөт сонгуулиар сонгох  энэ өдөр тус улсын ард түмний хувьд түүхэнд тэмдэглэгдэх өдөр болох аж. Сонгуулийн санал хураалт хоёр өдөр үргэлжлэх гэнэ. Гэвч Египетийн ерөнхийлөгч болох хүн тийм ч амар зөөлөн сандалд тухлахгүй нь тодорхой байна. Олон мянган жилийн түүхт энэ орны шинэ удирдагчийг хээл хахуульд идэгдсэн хуучин дэглэмийн муу үндсийг сугалж, хүчний байгууллагын тогтолцоог шинэчилж, шударга ёсыг тогтоох хатуу сорилтууд хүлээж байгаа аж. Нөгөө талаар сульдаж, доройтсон эдийн засаг нь улам нэмэгдэж хүн амын өсөлтийг дааж хүчрэхгүй болсон юм. Гэвч  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдоос тал хувийн санал авч чадахгүй бол сонгуулийн дараагийн шатыг ирэх зургадугаар сард явуулах юм байна. Египетэд жилд 6.4 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны бослого үймээнээс болж, 500 сая болтлоо буурчээ. Тус улсын эдийн засгийг тэтгэж байсан аялал жуулчлалаас олох орлого өнгөрсөн онд гурав дахин буурсан аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж