Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд:
- Нисэх хүчний командлагч асан, эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэх үед Ерөнхий сайдаар түр томилогдсон Ахмед Шафик,
- Араб лиг, Египетийн Гадаад харилцааны сайд асан Амр Мусса,
- Лалын ахан дүүсийн Эрх чөлөө, шударга ёс намын тэргүүн Мохаммед Мурси,
- Исламын бие даан нэр дэвшигч Абдул Монейм Абоул нар нэр дэвшжээ.
Таван мянган жилийн түүхтэй Египетийн ард түмэн анх удаа улсынхаа лидерийг чөлөөт сонгуулиар сонгох энэ өдөр тус улсын ард түмний хувьд түүхэнд тэмдэглэгдэх өдөр болох аж. Сонгуулийн санал хураалт хоёр өдөр үргэлжлэх гэнэ. Гэвч Египетийн ерөнхийлөгч болох хүн тийм ч амар зөөлөн сандалд тухлахгүй нь тодорхой байна. Олон мянган жилийн түүхт энэ орны шинэ удирдагчийг хээл хахуульд идэгдсэн хуучин дэглэмийн муу үндсийг сугалж, хүчний байгууллагын тогтолцоог шинэчилж, шударга ёсыг тогтоох хатуу сорилтууд хүлээж байгаа аж. Нөгөө талаар сульдаж, доройтсон эдийн засаг нь улам нэмэгдэж хүн амын өсөлтийг дааж хүчрэхгүй болсон юм. Гэвч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдоос тал хувийн санал авч чадахгүй бол сонгуулийн дараагийн шатыг ирэх зургадугаар сард явуулах юм байна. Египетэд жилд 6.4 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны бослого үймээнээс болж, 500 сая болтлоо буурчээ. Тус улсын эдийн засгийг тэтгэж байсан аялал жуулчлалаас олох орлого өнгөрсөн онд гурав дахин буурсан аж.