Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “ICT Expo” үзэсгэлэн яармагийг “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвээр шинэ өнгө төрхтэйгээр тавдугаар сарын 29-30-нд “Блю Скай” төвд зохион байгуулахаар болжээ. Сансрын технологийг сурталчлах, олон нийтэд нийтэд танилцуулах зорилготойгоор зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн үеэр Монгол болон Япон улсын нийт 10 орчим судлаач, эрдэмтэд илтгэл тавих бөгөөд 200 гаруй оролцогчтой хэлэлцүүлэг өрнөх юм байна.
Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр албан ёсны уулзалт, хэлэлцүүлэг түлхүү байх бол хоёр дахь өдөр буюу тавдугаар сарын 30-нд залуучуудад зориулсан арга хэмжээнүүд болох ажээ. Мөн үзэсгэлэнгийн үеэр Япон Улсын сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Mitsubishi heavy industry, NEC, Japan Space System зэрэг долоон компани, сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын 10 орчим мэдээлэл технологийн салбарын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм байна.
Б.БОЛОРСҮХ