“Шүүх эцсийн үгийг хэлдэг болно”

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Шүүх эцсийн үгийг хэлдэг болно”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн тухай багц хууль батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ хавар хийсэн ээлжит бус чуулганаараа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан бол уржигдар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг баталсан юм.

Ингэснээр Монгол Улсад шийдлээ хүлээж буй шүүхийн шинэтгэлийн дараагийн үеийг эхлүүлэх бүрэн боломжтой болсныг П.Цагаан зөвлөх хэллээ. Шүүгчийг сонгох үе шатнаас эхлэн шүүхийн шинэтгэлийг хийх процессыг багц хуулиудад тусгажээ. Өмнө нь шүүгчийг сонгохдоо 10-аад хүний нэр дэвшүүлж тэднээс гурвыг сонгодог байсан байна. Энэ ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хийдэг. Ерөнхий зөвлөл нь есөн шүүгч болон бусад хүмүүсээс бүрдсэн 14 гишүүнтэй. Тэд нууцаар санал хураалгаж, хамгийн олон санал авсан гурван хүнийг шүүгчээр сонгодог байжээ. Харин шинэ хуультай болсноор Шүүхийн ерөнхий зөвлөл нь УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгч, хуульчдын холбоо зэргээс нэр дэвшин сонгогдсон таван гишүүнтэй, тэд саналаа илээр хураалгаж шүүгчийг сонгодог болох аж. Шүүгчдийн авсан оноо, ажилладаг байгууллагаас ирүүлсэн тодорхойлолт зэргийг харгалзаж шүүгчээр сонгох эсэхийг шийддэг болж байгаа юм байна.

Одоо бол нэг сайдын дургүй хүрвэл шүүхийн төсвийг хасчихдаг. Шинэ хуулиар Шүүхийн зөвлөл төсвөө Засгийн газарт бус УИХ-д өргөн барьдаг болох юм. Шүүгчид өөр бусад зүйлд санаа зовох бус зөвхөн хэргийн хар цагааныг дэнсэлдэг хүмүүс болно. Ингэснээр “Шүүх эцсийн үгийг хэлнэ” гэдэг үг бодитоор хэрэгжих ажээ.

Шударга шүүхтэй орнуудад эдийн засгийн өсөлтийн 13 хувь шүүхээс хамаардаг гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ. Шүүх хэр сайн байх нь эдийн засгийн өсөлтөд хамаатай гэдгийг П.Цагаан зөвлөх хэлэв.

Эдгээр хууль батлагдсантай холбоотойгоор 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж