
Тус яамны мэдээгээр 287,7 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сая төгрөгөө бэлэн мөнгөөр авах хүсэлтээ гаргасан байна.
Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ийнхүү нэг сая төгрөг өгөх олгох болсон нь Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилт юм.
Дашрамд дуулгахад, ард иргэдийн дунд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохдоо эхний удаад 350 мянган төгрөг олгоно гэх ойлголтыг албаны хүн үгүйсгэлээ. Нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнө нь Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг авдаг байсан арилжааны банкнаас 330 мянган төгрөг авна. Үүний тулд иргэний үнэмлэх болон Хүний хөгжил сангийн дэвтрээ авч очих хэрэгтэй гэнэ.
Түүнчлэн нэг сая төгрөгийг бэлнээр авах тухай хүсэлтээ ирүүлээгүй иргэдийг хувьцаа авах хүсэлтэй байгаагаар тооцох юм. Гэхдээ хоцорчихлоо гэж бодох хэрэггүй, энэ сардаа багтааж харьяа дүүргийнхээ хөдөлмөр, халамжийн хэлтэст өргөдлөө өгч, нэг сая төгрөгөө авах боломжтой юм байна.