![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
УИХ-ын сонгууль болохтой холбогдуулж хаврын чуулганыг түр завсарлууллаа. Энэ үед хуралдаанд УИХ-ын гишүүдээс 70 нь хүрэлцэн ирсэн байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг завсарлуулж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент нь Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон шийдвэрийг гаргасныг онцлон тэмдэглэлээ. Мөн өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд ард түмний амьдралын төвшин хэрхэн өөрчлөгдсөнийг төрийн албаныхны авч буй цалин, ахмад настнуудын тэтгэврээр жишээлэв. Төрийн албан хаагчдын цалин 2008 оныхоос хоёр дахин өсч, 300 мянган төгрөгөөс 600 мянгад хүрсэн. Ахмад настны тэтгэвэр 2008 онд хамгийн бага нь 81 мянган төгрөг байсан бол одоо 180 мянган төгрөгт хүрсэн. Оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг, 2008 оны УИХ-ын сонгуулиар ард түмэндээ амласан 1.5 сая төгрөгийн хувь хишиг бүрэн утгаараа хэрэгжиж байгаа гээд амжилт ололт бийг санууллаа. Түүнчлэн энэ удаагийн УИХ нь авлига хээл хахуультай тэмцэх эрх зүйн орчныг чамбай бүрдүүлж өгснийг онцоллоо.
Мөн УИХ нь 114 хууль баталж, 59 олон улсын хэлэлцээр баталсан байна. Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийн тоо 484-т хүрчээ.
УИХ-ын дарга төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан сонгуулийн ажлын явцтай танилцаж энэ удаагийн сонгууль шударга болно гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн. Одоо нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа хэр шударга явахаас бүх зүйл шалтгаална. Нэр дэвшигчдийн хувьд сонгогчдыг эд бараа, мөнгө төгрөгөөр татах боломжгүй, энэ бүхнийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хориглосон гэдгийг дурдаад, гишүүдийн сонгуулийн ажилд амжилт хүссэнээр чуулганыг завсарлуулав.
Г.ДАРЬ