-Та амьдралдаа олон том залуусыг номхруулж, ялж байсан. Тэд ч танд хариу барьж байсан удаатай. Та ер нь цохиулахдаа нэг их эмзэглэдэггүй юм шиг санагддаг. Яаж тэр айдсыг давж гардаг юм бэ?
-Би цохиулах дургүй. Ер нь хэн дуртай байх юм бэ. Хэрвээ тэгж их цохиулаад байдаг байсан бол би энэ спортыг сонгохгүй байсан. Тийм ээ, би ялагдаж байсан. Гэхдээ 60 тулаан хийхдээ гурван удаа л ялагдаж үзсэн. Тийм болохоор үзэгчид заримдаа миний ах Виталий, бид хоёрын тулаан дандаа нэг талын ялалтаар дуусдаг болохоор уйтгартай гэдэг байсан. Яагаад гэвэл бид өрсөлдөгчдөдөө боломж олгодоггүй.
-Ta боксын спортод сонирхолгүй хүнтэй уулзаад, тэмцээн үзүүлэхээр ятгах боллоо гэж бодъё. Нэг хүн нөгөөгөө цохиж, зодохыг үзэж чаддаггүй хүн байг. Яаж ятгах вэ?
-Танаас нэг зүйл асууя. Та боксын фен мөн үү?
-Үгүй ээ.
-Тийм ч болов уу гэж таамагласан юм. Энэ спорт бага зэрэг хэрцгий, заримдаа цус асгаруулдаг болохоор та дургүй байх. Гэхдээ тань шиг ийм хүмүүс эхэндээ айж, эмээдэг ч тэмцээн дундаа ороод ирэхээр ширээн дээр үсэрч гараад “Цохиод өг, цохиод өг” гэж хашгирдаг юм.
-Үгүй байлгүй дээ?
-Итгэхгүй бол та өөрөө туршаад үзээрэй.
-Тэгж бодохгүй л байна шүү. Яриагаа цааш үргэлжлүүлье. Та одоо 36 настай. Гэхдээ гэрлээгүй. Яагаад вэ?
-Би чинь айлын эрх хүүхэд шүү дээ.
-Та аавыгаа цэргийн хүн гэж ярьж байсан. Би буруу дуулаагүй бол танай аав Чернобылийн атомын станцын ослын дараа цэвэрлэгээ хийхэд оролцсон гэсэн. Үнэн үү?
-Тийм ээ. Учир нь, аав минь тухайн үед армид байсан. Ах минь Киргизэд, бид Казахстанд төрсөн. Тэгээд бид Чех рүү явсан. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын станцад гамшигт осол болж, цэвэрлэгээ хийхээр хамгийн түрүүнд очсон хүмүүс нь армийнхан байсан. Тэдний олонхи нь тэр дороо болон 30 жилийн дотор амиа алдсан. Харамсалтай нь тэдний нэг нь миний аав байсан. Цацраг идэвхт бодист хордсоноосоо болоод аав минь амьдралынхаа сүүлийн жилүүдэд маш их тарчилсан.
-Та Киевийн их сургуульд спортын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан гэсэн. Ямар сэдвээр дессертац бичсэн юм бэ?
-14-19 настай залуу тамирчдыг сургах, дасгалжуулах арга зүй гэсэн сэдвээр бичсэн. Зөв аргазүйн талаар гэх үү дээ. Манай сургалтад буруу, зөрүү, алдаатай зүйл олон байсан. Хэдийгээр би сайн тамирчин болсон ч гэсэн тэр болж бүтэхгүй байсан зүйлүүдийг өөрөө мэдрээд, дайраад өнгөрсөн.
-Та бол дэлхийн хэмжээний алдартай тамирчин. Тэд дундаа тулааны спортын дэлхийн аварга. Ингэхэд та гудамжинд юм уу, хаа нэг газар зодоон нүдээнд оролцох, холбогдохоос зайлсхийдэг үү?
-Тийм ээ. Би ер нь согтуу хүмүүсээс, согтуу хүмүүс байдаг газраас хол байдаг. Эрчүүд ер нь согтохоороо хэнтэй тэрсэлдэж байгаагаа мэдэхгүй зодолдох хүсэлтэй болчихдог шүү дээ. Энд зориуд хэлэхэд би боксын рингнээс гадна хаана ч, хэзээ ч зодоон хийж байгаагүй.
-Жаахан байхдаа ахтайгаа, найз нөхөдтэйгөө ч юм уу зодолдож байгаагүй гэж үү?
-Энэ мэргэжлийг сонгож, хичээллэж эхэлснээсээ хойш шүү дээ. Өмнө нь бол миний найз бид хоёр сургуулийн нэг охинд дурлаад зодолдож байснаа сайн санадаг. Гэхдээ бид хүүхэд байсан.
-Рингэн дээр тулалдаад байгаа Владимир, одоо энд сууж байгаа Кличко хоёр юугаараа ялгаатай вэ. Рингэнд гарахаараа зан авир тань илүү ширүүн болдог уу?
-Огт өөр хүн болчихдог гэх үү дээ. Өнгөрсөн тулаануудаа үзэж байхад би рингэн дээр ямар ч сэтгэл хөдлөлгүй, хэт төвлөрсөн байдалтай байдаг. Ямар ч айдасгүй.
-Илүү хэрцгий болдог уу?
-Үгүй. Хэрцгий гэдэг бол сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөлдөө автана гэдэг төвлөрөхөө больж, ялагдана гэсэн үг.
-Та хоёрыг Майк Тайсон сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй гэж ярьж байсан.
-Түүний зөвөө.