Хятадын now TV Евро-2012 тэмцээнийг европ нийтийн дайн маягаар дүрсэлсэн реклам бүтээж цацлаа. Анимацаар хийсэн энэ рекламд хоёр үл мэдэгдэх багийн хоорондох тэмцээнийг үзүүлж байгаа юм. Завсраар нь эвдрэн сүйрсэн Европ болон Эйфелийн цамхаг, Биг Бен, Колизей гэх мэт түүхэн дурсгалууд нурсан байдалтай дүрслэлийг хавчуулжээ. Үүнтэй зэрэгцэн хөлбөмбөгийн талбай дээгүүр шунгинах байлдааны онгоцууд бөмбөг хаяж, үл мэдэгдэх армийн дайчид тамирчидтай тулалдана.
Рекламанд Оросын алдарт “Славянкагийн үдэлт” маршийн хурдасгасан аяыг санагдуулам хөгжим мөн эгшиглэх бөгөөд түүнийг нь Хонгконгийн дуучин Hacken Lee дуулж байх жишээтэй.
Now TV нь Евро-2012 тэмцээний Хятад дахь албан ёсны дахин дамжуулагч юм.
Энэ реклам Евро-2012-д зориулсан дуулиан, жигшил тарааж байгаа цорын ганц бүтээл биш юм. Өнгөрсөн 4-р сард голландын NLE компани нөхрүүдээ Украин руу тэмцээнд явуулахгүй байхыг голланд эмэгтэйчүүдэд уриалсан реклам цацжээ. Тэр нь голланд эрчүүл Украинд очоод тэндхийн үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй орооцолдох болно гэсэн утгатай байсан билээ. Энэ реклам Голландад төдийгүй Украины гадаад яамныхны дургүйцлийг төрүүлсэн юм. Яг энэ үед украинчууд бас нэгэн гажиг реклам бүтээсэн бөгөөд “Багш эмэгтэй” хэмээх энэ рекламд англи хэлний багшийн дүрд тоглох бүсгүй Еврог зорих гэж байгаа оюутнуудад маш бүдүүлэг дуудлага, дүрмийн алдаа бүхий англи хэлээр хичээл зааж байсан юм. Тэгээд энэ рекламыг 150 мянган доллараар бүтээсэн гэж байгаа.Интерфакс агентлагийн мэдээгээр, зөвхөн Украин гэхэд л гадаадын ТВ-ийн сувгаар тэмцээнээ сурталчлахад 2,8 сая доллар зарцуулах юм. Евро-2012 хөл бөмбөгийн АШТ ирэх 6 сарын 8-наас 7 сарын 1 хүртэл Украин, Польш улсад болно. Шувтаргын тоглолт Киевт болох юм
Интернетийн материалаар бэлтгэв