Жил жилийн сонгууль төсвийг данхайлгадаг гэмтэй. Эрх баригчид бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилд амлалтаа хэрэгжүүлэх гэж төсвийг байж болох хамгийн дээд хэмжээгээр нь тэлдэг. Үүний тод жишээ энэ оны төсвийн төсөл. УИХ дээр орж ирэхдээ долоон их наяд төгрөгийн зарлагатай орж ирсэн билээ. Хэлэлцүүлгийн шатанд зургаа орчим их наяд төгрөг болж арай багассан. Гэхдээ өндөр зарлагатай төсвийг танаад танаад инфляцийн хөөрөгдлийг зогсоож чадсангүй.
Он гарсаар инфляци тасралтгүй өссөөр байна. Дөрөвдүгээр сарын байдлаар инфляци оны эхэн үетэй харьцуулахад 8.2 хувьд хүрлээ. Өмнө нь дөрөвхөн сарын дотор инфляци ингэж өсч байсан түүх ховор.
Жилийн дүнгээрээ инфляци 16 хувиар өсөөд байна. Инфляци 16 хувиар өснө гэдэг иргэдийн халаасанд байгаа 100 төгрөгийн үнэ цэнэ 16 хувиар буурлаа гэсэн үг. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа юм. Нөгөөтэйгүүр инфляци бизнес хөгжихөд хамгийн том тээг болно. Инфляцийг бууруулахын тулд Төв банк бодлогын хүүг өсгөж, улмаар банкны зээлийн хүү өсдөг.
Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 13.25 хувьтай байна. Өнгөрсөн дөрөвхөн сарын хугацаанд Төв банк бодлогын хүүг хоёр удаа өсгөөд байгаа билээ. Тасралтгүй өсч байгаа инфляцийг хазаарлахын тулд Монголбанк ийм арга хэмжээ авсан хэрэг. Харш үүний уршгаар арилжааны банкууд зээлээ хумьж эхэллээ.
Хасбанк хамгийн түрүүнд орон сууцны зээл олгохоо түр зогсоолоо гэх мэдээлэл сэтгүүлчдийн чихэнд хүрсэн. Цаашлаад ХХБ, ХААН гэх мэт томоохон банкууд зээлийн нөхцлөө чангатгаж, нэг дор олгох хэмжээндээ хязгаар тогтоогоод байгаа билээ.
Зээл гэдэг зүйл бизнес хөгжих "амин сүнс" байдаг. Ялангуяа манайх шиг санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг банкны систем дангаараа эзэлж байгаа үед жижиг, дунд бизнес хөгжих боломж нь зөвхөн арилжааны банк болчихоод байгаа юм. Гэтэл зээлийн нөхцөл, хүүгийн хэмжээ өсөөд эхэллээ. Энэ янзаараа удвал хэдэн бизнес хаалгаа барьж, хэдэн банкны зээл чанаргүйдэхийг хэлж мэдэхгүй нь.
Зээл чанаргүйдээд эхэлбэл, цаашлаад банк дампуурах эрсдэлтэй. Харин банк дампуурвал санхүүгийн систем тэр чигтээ маш том цочролд орж, эдийн засгийн хямрал нүүрлэнэ. Инфляци гэдэг зүйл хэрээс хэтэрвэл эдийн засгийн өсөлтийг ийн боомилдог "жамтай". Өнөөдөр манайд бий болоод байгаа өндөр инфляци дөнгөж сэргэж байгаа эдийн засгийг боомилохоор "сэм гэтэж" яваа ч юм билүү, хэн мэдлээ.
Хамгийн гол нь энэ бүхэн ердөө л нэг сонгуулийн популист амлалт, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хийж байгаа өндөр зарлагатай, эдийн засгийн үндэслэлгүй төсөв, төр засгийн бодлогоос болж байгаа гэхээр харамсалтай.
Сонгууль төсвөөр дамжуулан эдийн засагт ийм байдлаар сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс гадна сонгуулийн жилийн улс төрийн амьдралын идэвхжилт эдийн засагт хамгийн их аюул тарьж байгаа юм. Жишээ нь, энэ жилийн сонгуулийн өмнө эдийн засагт ямар нөхцөл байдал бий болоод байна вэ.
Эрх баригчид сонгуулийн өмнө том рейтинг олж авахын тулд цагаан сарын өмнө "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зургаан хувийн хүүтэй зээл гэгч зүйлийг санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийгээ бүр баяр ёслолын байдалтай зарласнаас болж, зүв зүгээр байсан байрны үнэ өсч эхлээд байна. Хоёрдугаар сард буюу цагаан сараас өмнө ийнхүү улс төрийн шоу хийснээр орон сууцны зах зээл савлахад бэлэн болчихоод байж байна.
Дараа нь мэдээж сая төгрөгийн амлалтыг хэрэгжүүлэх тухай асуудал. Гуравдугаар сараас эхлэн сая төгрөгийг олгоно гэж ярьсаар, иргэдийн дунд маш их хүлээлт үүсгэлээ. Одоо тавдугаар сард багтаад иргэдэд сая төгрөгийг олгож эхлэх талаар яриад байгаа. Бас л мөнөөх амлалт биелүүлэх гэсэн улс төрийн шоу маягийн зүйл болчихоод байгаа юм. Тавдугаар сард сая төгрөгийг тараа-вал иргэдийн шууд худалдан авалт нэмэгдэж, инфляцийг урьд өмнөхөөс нь илүү хөөрөгдөхөөр байгааг Санхүүгийн зах зээлийн холбооны судалгаа харуулжээ. Дахиад л мөнөөх улс төрийн гайтай амлалтаас үүдэлтэй инфляцийн хөөрөгдөл.
Хамгийн харамсалтай нь бидэнд сонгуулиас болж эдийн засгаа сүйрүүлэх шахсан туршлага хангалттай байна. Гэсэн хэдий ч алдаагаа давтсаар байх юм даа.
Эргэн сануулъя, 2008 оны сонгуулийг. Сонгуулиар намууд сая төгрөг, сая 500 мянган төгрөг олгох амлалт өгсөн. Сонгуулийн дараа иргэдийн дунд асар их хүлээлт үүссэнээр инфляци 2008 оны хагасаас хойш тасралтгүй өссөөр 35 хувьд хүрч байсан. Монголбанк бодлогын хүүг 14 хувь хүргэснээр 2009 оны хавраас эхэлж инфляци бага зэрэг буурсан билээ. Дараа нь хоёр ч банк дампуурсан. Гэхдээ үүнд өндөр инфляциас гадна эдийн засгийн хямрал ч бас нөлөөлсөн байх.
Сонгуулийн дараа эрх баригч нам маш их бэлэн мөнгөний шинж чанартай, популист амлалт өгсөн нь иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Сөрөг хүлээлтийн нөлөөгөөр инфляци өссөн. Инфляци яван явсаар эдийн засгийг аажмаар боомилсон хэрэг. Дайран давс гэгчээр эдийн засгийн хямрал хүчээ авч, банк дампуурсан жишээ ердөө дөрөвхөн жилийн өмнө байна шүү дээ.
Энэ удаагийн сонгуулиар зарим нам цалинг 1.3 сая төгрөгт хүргэх амлалт өглөө. Дахиад л хүлээлт үүсгэх амлалт. Сонгуулийн дараа дахиад л инфляци "галзуурах" магадлалтай гэсэн үг. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнө хамаг байдгаа шавхан байж бэлэн мөнгөний амлалтаа хэрэгжүүлсэн намууд сонгуулийн дараа яах вэ. Тэр мөнгөө эргүүлэн олж авч, төсвийн цоорхойг нөхөхийн тулд өр зээл тавина, магадгүй татварыг нэмэгдүүлнэ. Өрөө төлж байгаа нь энэ гэж татвар төлөгчдийн мөнгөөр "тоглоно".
2008 оны үеийн Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад хэцүү л дээ. Мэдээж хамаагүй их ахиц, дэвшилтэй байгаа. Гэхдээ тэглээ гээд буруу бодлого явуулбал, сонгуулийн гай эдийн засгийг дахиад сүйрүүлэхгүй гэх газаргүй байна. Сонгууль, эдийн засаг хоёр ийн урвуу хамааралтай ажээ.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин