Тоотой хэдэн театр, ганц кино үйлдвэр, нэг төв номын сан гэх мэтээр мэргэжлийн байгууллага цөөхөн байхад Соёлын яам байж л байсан. Өнөөдөр байдал шал өөр болсон. Зөвхөн хувийн кино студи гэхэд тоог нь хэлэх хүн олдох болов уу. Хэвлэлийн газрууд хэдийнэ байр сууриа олж, хувийн номын сан байгуулах санаачилга ч гарч эхэллээ. Тэд агентлагтайгаа ямар холбоотой байдаг бол. Агентлаг тэдэнд ямар дэмжлэг үзүүлдэг юм бол. БНСУ-ын түүхэн цуврал кинонуудыг үзээд би атаархдаг. Бид яагаад ийм бүтээл хийхгүй байна вэ гэж боддог. Тэгээд “Аравт” киног бүтээхэд голлон оролцсон, найруулагч О.Эрдэнэтэй хуучилж байгаад энэ тухай асуухад “Аргагүй шүү дээ. Солонгосын Засгийн газар тэдгээр кинонд мөнгө харамладаггүй. Манайх бол үгүй. “Аравт” киног уг нь аль эрт гаргах байсан. Чадахгүй байсаар байгаад Хятадын мөнгөөр л хийлээ шүү дээ. Уйлмаар” гэж билээ. Иймэрхүү зовлонг би ч бас биеэр үзсэн хүн. Гэхдээ энд агентлаг, яам хоёр ямар хамаатай юм бэ гэж бодогдох байх. Үнэндээ надад ч бас тээнэгэлзээтэй. Тэгээд соёл, урлагийн зүтгэлтнүүдтэй ярилцахад дараах хариултыг өгсөн юм.
СОЁЛ УРЛАГИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТАЙ НЭГТГЭЖ НЭГ ЯАМАНД ХАМААРУУЛБАЛ САЙН
ДБЭТ-ын дэд захирал Д.Баатар:
-Өнөөдөр тулгамдаад байгаа амин чухал асуудал бол яг л энэ. Монгол Улс Соёлын яамтай болохоос өөр аргагүй. Урьд нь бие даасан яамтай байхад соёл урлагийн бодлого, хөгжил ямар байлаа, бид мэднэ дээ. Оргилж буцалж байсан. Одоо ялангуяа сонгодог урлаг, түүнийг амилуулдаг театрууд түгшүүртэй байдалд орсон. Төсвөөс санхүүждэг гурван том салбарыг нэгтгэсэн нэг яам байгаад үүнд нөлөөлж гол садаа болж байна гэж би үздэг. Боловсролын салбар гэдэг үнэхээр аварга том, тийм ч байхаас аргагүй. Гэтэл шинжлэх ухааны байгуулага үүнээс дутахааргүй их зардал хөрөнгө шаарддаг улс орны амин сүнс болсон газар. Ийм хоёр том салбарын дэргэд соёл урлаг маань хавсарга болоод байна. Энэ бол эмгэнэлтэй гэхэд багадмаар явдал. Ядахдаа соёл урлагийг аялал жуулчлалын салбартай нэгтгэн нэг яам болгомоор. Тэгвэл энэ хоёр салбар бие биеэ дэмжиж ажиллаад байдал арай дээрдэх боломжтой. Цөхөрсөн хүний бодол ч юм уу даа. Эцсийн эцэст Соёлын яам байгуулахаас өөр гарц харагдахгүй байна.
Үндэсний төв номын сангийн дарга асан, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Аким:
-Соёлын яам гэж байх ёстой юм биш үү. Аливаа улс орныг дэлхий нийтэд таниулдаг юм нь үндэсний соёл. Өнөөдөр манайд Соёл урлагийн газар гэж байгаа. Бас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо гэж бий. Үүрэг нь давхардаад нэг л ойлгомжгүй.
Өөрийнхөө мэдэхээр хэлэхэд хөдөө орон нутгийн номын сангууд хэцүү болсон. Хуучныг нь хог дээр хаяад, шинээр ном сэлбэж авахад бэрх, одоо номын үнэ өндөр болсон нь сайн хэрэг. Тэгтэл тэр номоор номын сангаа баяжуулах боломж номын санчдад бараг олдохгүй болчихлоо. Хэрвээ соёлын яам гэж тусдаа байгаад төсвийн хуваарилалтыг соёл талдаа цэгцтэй хийх боломж гаргавал Улаанбаатар хотод овоороод хөдөөгийнхөн харах ч нөхцөлгүй байгаа энэ олон номыг Монгол Улс даяар түгээж чадна даа.
ҮНДЭСНИЙ СОЁЛ УРЛАГАА ЯДАЖ ХХ ЗУУНЫ ТҮВШИНД НЬ ГАРГАМААР БАЙНА
Монголын театрын музейн захирал Н.Хосбаяр:
-Соёлын яам зайлшгүй хэрэгтэй. Манай улс түүхийн хосгүй өв уламжлалтай. Үүн дээрээ тулгуурлан соёл урлагийн салбарууд тэр дундаа үндэсний музейнүүд гадагш хандсан цэгцтэй бодлого явуулахад төвлөрсөн яам хэрэгтэй болдог. Энэ зууныг соёлын дайны зуун гэж томъёолох болсон. Үнэхээр ч тийм байдал харагдаад байна. Зөвхөн Ази тивд гэхэд Япон, Энэтхэг, Дундад Азийн соёл ихээхэн нөлөөтэй. Саяхнаас Өмнөд Солонгосын соёл түрж эхэллээ. Үүний цаана тэдгээр улс орны төрийн бодлого дэмжлэг маш хүчтэй, цэгцтэй байгаа нь ил тод мэдрэгддэг. Үнэнийг хэлэхэд өнөө үеийн залуус маань тэдгээр соёлын нөлөөн дор хүмүүжээд эхэлчихлээ. Ийм байж болохгүй. Энэ байдлаас гарахад үндэсний соёл урлагаа ядаж ХХ зууны түвшинд нь гаргамаар байна. Кино, дуурь, балет, хөгжим тэгээд мэдээж үндэсний музейнүүдийг төрийн бодлогоор хангаж, зохион байгуулж, удирдан жолоодох ёстой. Үүнд Соёлын яам зайлшгүй хэрэгтэй.
Гавьяат жүжигчин, найруулагч Г.Равдан:
-Соёлын бодлогыг цэгцэлж удирдах хэрэгтэй. Одоогийн байдлаар бол соёл, боловсрол, шинжлэх ухаан гэсэн том салбаруудыг нэгтгэсэн нэг яам байна. Яг дотор нь соёл урлагаа мэддэг хэлтэс, газрын дарга байхгүй. Гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат нэг хоёр жил ажилласан л даа. Өөр юм алга. “Нарийн зовлон надаар дүүрэн” гэдэг шиг мань мэт нь олон улсын театрын ажиллагаанд оролцоход нөгөө улсууд Соёлын яамтай, бодлого зорилго нь тодорхой, харилцахад ч хялбар юм билээ. Харин бидэнд нөгөө том яам нь яралзаад л, хэн нь дэмжих, туслах нь мэдэгдэхээ байчихна. ЮНЕСКО хүртэл сүүлийн үед манай театруудтай харилцахаас төвөгшөөдөг болсон шүү. Соёл урлагийн хороо гэж байгаа. Ажил, нөлөө нь бидэнд мэдэгдэхгүй байна. Яам гэж нэг том байгууллага гаргах нь хэцүү л байх. Гэхдээ нэг цомхон, гадаадын улс оронтой харилцахад тодорхой мэдлэг, мэргэжилтэй хүмүүсээр бүрдсэн агентлаг ч гэмээр цэг хэрэгтэй. Тэгэхгүй бол соёл, урлаг энэ дотор ялангуяа театр, музей, номын сан эзэнгүй болж байна. Төсвийн хөрөнгөөс энэ салбарт орж байгаа нь зүгээр л нэг нялзаах аятай, үр дүнгүй өнгөрдөг. Үүнийг л анхаармаар юм. “Өдрийн шуудан” сонин энэ эмзэг сэдвийг сонгож гаргасанд маш их баярлалаа. Цаашдаа ямар нэгэн шинэ санаа төрвөл ярина аа.
Монгол Улсад Соёлын яам байх хэрэгтэй юү, үгүй юү, байгуулбал хөгжиж дэвжих үү, аль эсвэл бас л үргүй зардал, төсөвт ачаа болох уу гэх зэрэг асуулт олон урган гарна. Энэ сэдвээр бид цаашид ч нийтэлнэ. Соёл урлагийн салбарынхны хүсээд байгаачлан яам байгуулах нь зөвхөн энэ салбарынхны тусын төлөөх өөрчлөлт болох уу, нийгэмд хэр ашигтай вэ, улс орны хөгжилд аль хэр нөлөөтэй байх талаар эрдэмтэн мэргэд, улстөрчдөөс ч асуух болно. Үүний тулд бид нийтлэлээ хэлэлцүүлэг хэлбэрээр үргэлжлүүлэх юм. Уншигч та ч саналаа ирүүлээрэй.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин