С.Ганбаатар Дархан-Уулд бие даахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар Дархан-Уулд бие даахаа мэдэгдлээ

Сонгуулийн марафон эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч нам эвслүүдээс өрсөлдөх эрхмүүдийн нэрс албан ёсоор тодроогүй байна. Энэ хооронд бие даан өрсөлдөх нөхдийн нэрс зарим тойргуудад баталгаажиж байна. Тэднээс анхаарал татаж байгаа нь үйлдвэрчний эвлэлээр овоглосон Ганбаатар юм. Түүнийг нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэр гаргасан талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд мэдээлж байгаа ч тэрбээр Дархан-Уул аймгийг сонгосноо албан ёсоор мэдэгдэж, тойргийн хороонд холбогдох баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Дархан-Уул аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд хоёр мандатны төлөөх өрсөлдөөн өрнөнө. Одоогийн байдлаар нам эвслүүдээс нэр дэвших нөхдийн нэрс албан ёсоор зарлагдаагүй байгаа ч аман байдлаар үндсэндээ гарсан. Харин албан ёсоор тодроод байгаа нь бие даан нэр дэвшигч С.Ганбаатар юм. Түүний хувьд өнгөрсөн даваа гаригт тойргийн хороонд хүсэлтээ гарган хуулийн дагуу 801-ээс доошгүй иргэдийн гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлсэн. Сум баг бүрийн төлөөлөл болсон энэ тооны иргэдийн гарын үсгийг цуглуулсан бие даагч өчигдөр бусад холбогдох бичиг баримтын хамт тойргийн хороонд албан ёсоор гардуулж өглөө. Өнгөрсөн хугацаанд түүнийг Хан-Уул дүүрэгт өрсөлдөх шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл хүчтэй тарсан. Нэр бүхий газраас хүсэлт тавьж баталгаажуулсан талаар ч мэдээлэгдэж байсан. Энэ бүхэнд бие даагч С.Ганбаатар ийнхүү цэг тавьж байгаа юм.  

Ийнхүү Дархан-Уул аймагт албан ёсоор бие даан өрсөлдөх анхны нэр дэвшигч материалаа бүрдүүлж гардууллаа. Тойргийн хороо түүний бичиг баримтыг нягталсны дараа жагсаалтад бүртгэх эсэх шийдвэрийг гаргана. Бүртгүүлсний дараа түүний хувьд хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх ажил үлдэж байгаа хэрэг юм. 

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж