“Экотон-2012”-ын ялагч “The Colors” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Экотон-2012”-ын ялагч “The Colors” боллоо

XXI зууны хөгжлийн үзэл, хандлага болох “Ногоон хөгжил”-д бүх нийтийг уриалсан “Экотон-2012” хөгжмийн фестиваль өчигдөр Сүхбаатар талбайд боллоо. Энэ зуны анхны задгай талбайн шоу болох “Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль нь байгаль хамгаалах үйлст бүх нийт, тэр дундаа залуусын анхаарлыг хандуулах, байгаль дэлхий, түүнийг хамгаалах тухай сэдвээрх дууг олонд хүргэх, шинэ бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх, түүнчлэн олон улсад нэр хүндтэй аялал жуулчлалын “брэнд” арга хэмжээг бий болгох зорилго дор болж өнгөрсөн юм. Фесвивальд рок, попын шинэ залуу “Lego”, “Berd”, “UFO”, “Memories of tale”, “Cross road”, “Outlaw”, “The Colors”, “Vatame”, “Daisy & Gang”, “Моханик”, “Gee ft.  Жонон” хамтлагууд уран бүтээлээрээ өрсөлдөн залуусыг бүтэн таван цагийн турш залуусыг доргиосон. Эцэст нь тусгай дугаарт илгээсэн үзэгч, фенүүдийнх нь мэссэжээр фестивалийн ялагчийг шалгаруулсан юм.

Эко фестивальд рок, попын одод ирж, ая дуугаа өргөсөн. Хэдийгээр гадаа хүйтэн, цаг агаар тааламжгүй байсан ч нийслэлийн залуус төв талбайдаа цуглаж, “Эко фестиваль”-д өрсөлдсөн хамтлаг дуучдаа дэмжин,  “Киви”, “Лемонс”, дуучин Quizа зэрэг олон уран бүтээлчидтэй нэгдэн их хотын хэмнэлийг 00.00 цаг хүртэл хамтдаа мэдэрсэн.

Ингээд “Экотон-2012” фестивалийн ялагчаар “The Colors” хамтлаг тодорсон. 1225 хүний саналаар шилдгээр шалгарсан тэд 10 сая төгрөгийн мөнгөн шагнал, БОАЖЯ-ны сүлд дуу болох “Дэлхий ээж” уран бүтээлийг дуулж, клипжүүлэх эрхийн эзэн болсон бол 817 хүний саналаар “Vatame”, 813 хүний саналаар “Gee ft.  Жонон” хамтлагууд удаалжээ.

“Экотон-2012” наадмын төгсгөлд БОАЖЯ-ны сүлд дуу болох дуучин Б.Бадар-Ууган агсны “Дэлхий ээж” дууг “A-Sound” хамтлаг нийслэлийн залуусын хамт дуулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс “Экотон” хөгжмийн фестивалийг жил бүр хийхээр болсноо дуулгаж, ирэх жилийн наадмыг 2013 оны зургадугаар сарын 17-нд хийхээр тов зарлалаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж