Монголд зочлох гэж буй “Комаки балет”-ын тухай

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Монголд зочлох гэж буй “Комаки балет”-ын тухай

Гавьяат жүжигчин, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг ирэх зургадугаар сарын 8, 9-нд Японы “Комаки балет” компанийн уран бүтээлчидтэй хамтран Монголд бас нэгэн гайхалтай тоглолтыг хийх гэж байгаа. Түүний энэ удаагийн эрхэм хүндэт зочид нь “Комаки балет” компанийн бүжигчид юм.

Японы анхны балетын компани болох “Комаки балет” нь 1946 онд “Токио балет” нэртэйгээр байгуулж, өдгөө 66 жил Японы ард түмэнд сонгодог урлагийг түгээсээр байна. “Комаки балет” компани үе үеийн бүжигчид, уран бүтээлчидтэйгээ хамтран Японы балетын холбоог байгуулж, тив дэлхийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулсаар ирсэн. Одоогоор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн захирал Со Кикучи нь “Комаки балет”-ын гурав дахь үеийн залгамж бөгөөд тэрбээр 2011 онд Масахиде Комакигийн төрсний 100 жилийн ойг Японы Үндэсний театрт ард түмэнтэйгээ тэмдэглэж байв.

“Комаки балет”-ыг үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяндагвыг Япон улсад зохиосон олон улсын балетын тэмцээнд шүүгчээр оролцуулж, манай хоёр орны балетын хамтын  ажиллагаа эхэлсэн түүхтэй. 2002 онд тус компанийн гурав дахь үеийн захирал Со Кикучи Монгол улсад айлчилж, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа байгуулагдсаны 30 жилийн  ойн хүрээнд Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг Япон улсад  урьж, тоглуулж байсан. 2007 онд хоёр орны хооронд дипломат харилцаа байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг санаачлан Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Япон улсын Соёлын газрын дэмжлэгтэйгээр “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эх орондоо урьж тоглуулж байжээ. Харин энэ удаад Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан “Комаки балет” компани Монгол Улсад дахин зочлох гэж байна.

М.ДӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж