Тус сургууль нь анх 2002 онд байгуулагдсан МУИС-ийн отгон сургууль хэдий ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд бакалавр болон ахисан түвшний 400-гаад оюутныг төгсгөн гаргажээ. Мөн Улсын Электроникийн олимпиадын 5, Улсын програмчлалын олимпиадын 4, Үндэсний програмчлалын олимдиадын 2, Робокон тэмцээний 4 удаагийн аваргын титмийг авч, төгсөгчид нь эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ улс, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өргөж яваа юм.
Мөн Олон улсын Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд улсын хэмжээнд 40 мэргэжилтэн тэнцсэнээс 9 нь МТС-ийн багш оюутнууд байгаа нь тус сургуулийн багш нарын чадвар, сургалтын чанар, олон улсын түвшинд хүрсэн боловсон хүчин бэлтгэн гаргадгийн баталгаа юм.
МТС-ийн 10 жилийн ойн баярын хурал энэ сарын 25-ны өдрийн 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордны Хурлын их танхимд болох бөгөөд төрөлх сургуулиа гараанаас манлайлалд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт оюутан залуус, үе үеийн багш, ажилтан, төгсөгчид болон хамтран ажилладаг байгууллагууд та бүхэнд ойн баярын мэнд дэвшүүлж, хүрэлцэн ирэхийг урья.