Хятадад их хурлын төлөөх тэмцэл өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хятадад их хурлын төлөөх тэмцэл өрнөлөө

Хятадад засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдаж байна. Сүлжээгээр тархсан намын 16 ахмадын бичсэн захидалд хүчний байгууллагуудыг хариуцагч Жоу Юнкань ба  Коммунист намын сурталчилгааны газрын дарга Лю Юньшань нарыг огцруулахыг шаарджээ.

Намын ахмадууд тэднийг саяхан Улс төрийн товчооны гишүүнээс огцорсон Бо Силайтай холбоотой гэж буруутгаж байна. Үүнтэй холбоотойгоор  намрын их хурлаар солигдох удирдлагад хэн гарах вэ гэдгийг ойлгомжтой болгож байна. “Нөхөр Ху Жиньтао тэргүүтэй намын удирдлагад” гэж гарчигласан намын 16 ахмад зүтгэлтний захидал canyu.org сайтад тавдугаар сарын 9-нд тавигдсан байв. Гэвч тэр нь бусад сайт, сүлжээгээр дамжин зөвхөн өнгөрсөн долоо хоногт л олон нийтэд ил боллоо. Захидлыг илгээгчид Коммунист намын Улс төрийн товчооны байнгын есөн гишүүний нэг, ТХ-ны улс төр эрх зүйн комиссийг толгойлон хүч­ний байгууллагуудын ажлыг хариуцсан  69 настай Жоу Юнканийг нэн даруй огцруулахыг шаарджээ. Мөн тэр захидалд ХКН-ын ТХ-ны сурталчилгааны газрыг толгойлдог 64 настай Лю Юньшанийг энэ намар болох намын XVIII их хурлаар “Улс төрийн товчооны байнгын гишүүдийн жагсаалтад оруулахгүй байх”-ыг бичжээ.

Захидлыг илгээгчид Жоу Юнканийг (Лю Юньшань баримтад хаяа нэг дурьдагдсан байв) 30 сая хүнтэй Чунцин хотын экс тэргүүн ба гуравдугаар сард бүх тушаалаасаа огцорч, одоо мөрдөнд байгаа Бо Силайтай дотно холбоотой байсан гэж буруутгаж байна. Зохиогчид Жоу Юнкань Бо Силайтай нийлэн Хятадад зүүний эргэлт гаргахаар төлөвлөн Мао Цедуны үзэл санааг сурталчлан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, БНХАУ-ын орлогч дарга Си Цзиньпиннийн (намын их хурлаар тэр БНХАУ-ыг ойрын 10 жилд  толгойлох юм) талаар нууцаар материал цуглуулж байсан гэж буруутгажээ.

Бог баривчилсны дараа Бээжинд хурцдаж байгаа улс төрийн тэмцлийн нэг шинж тэмдэг нь энэхүү захидал болж байна. Энэ сөргөлдөөний эхний хохирогч нь Жоу Юнкань болж байгаа бололтой. Гонконгийн болон барууны хэвлэлд бичсэнээр тэр ганцаараа Бо Силайг өмөөрсөн дээд удирдлагын хүн юм байна.

Financial Times тавдугаар сарын 13-нд Хятадын засгийн газарт ойр эх сурвалжаас ишлэн бичихдээ “Жоу Юнканийг хүчнийхний удирдлагаас холдуулсан, одоо зөвхөн ёс төдий албан тушаалтан болсон” гэжээ. Уг сонинд бичсэнээр бол хүчний бүтцийн бүрэн хяналт Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Мэн Зяньчугийн гарт орсон гэнэ. Financial Times сонины хувилбараар бол Жоу өөрийн залгамжлагчийг сонгох эрхгүй болжээ. Хэдийгээр үнэн хэрэгтээ Улс төрийн товчооны байнгын гишүүдийг хамтын шийдвэрээр сонгодог ч нөхөр Жоугийн байр суурь ихээхэн ганхсан бололтой.

Гэхдээ л энэ доволгооны гол хохирогч нь 1980-аад онд Ху даргын удирдлага дор Хятадын комсомолд ажиллаж байсан Лю Юньшань болж байна. Жоу бол дал хүрээд л тэртэй тэргүй тэтгэвэрт гарах байсан харин Лю Улс төрийн товчооны байнгын гишүүнээр ажиллах боломжтой байлаа. Лю Юньшань нь “комсомолчуудын” гэх бүлэгт багтан “жоногийнх” гэдэг намын дарга нарын хүүхдүүдийн бүлэглэлтэй өрсөлддөг. Сүүлчийн бүлэгт нь Бо Силай багтаж байв. Хэрэв тэд үнэхээр холбоотой гэгдэж байгаа бол энэ нь Хятадын дээд удирдлагад бүлгүүдийн хоорондын тэмцлээс гадна улсын хөгжлийн суурь чиглэлд өрсөлдөгч элитийн бүлэглэлийн хоорондын тэмцэл болж таарах юм. Хятадад сүүлийн жилүүдэд тогтвортой байсан улс төрд хямрал гарч болзошгүй байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж