“Замбараагүй төсөв хувийн секторыг хохироодог”

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Замбараагүй төсөв хувийн секторыг хохироодог”

Засгийн газраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр өгөхөөр, эхний ээлжинд 330 мянган төгрөгийг тараах болсонтой холбоотойгоор эдийн засагт халалт үүсч магадгүй гэсэн айдас иргэдийн дунд байна. Ялангуяа бэлэн мөнгө их хэмжээгээр тарааснаар төгрөгийн ханш унаж, инфляци эрчимжиж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Тиймээс Монголбанкны Олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагважавтай уулзаж, ярилцлаа.

-Засгийн газраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр тараахаар болсон. Эхний ээлжний 330 мянган төгрөгийг өнөөдрөөс эхлэн тараана. Энэ нь инфляцид хэр нөлөөлөх вэ. Иргэд бэлэн мөнгө их хэмжээгээр тарааснаар төгрөгийн ханш унаж магадгүй гэсэн айдастай байна?

-Нэг сая төгрөгийг хэдэн хүн авах талаар нарийвчилсан тооцоо надад алга. Мэдээж, мөнгө тараана гэдэг нь нийт эрэлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь ойлгомжтой, мөнгө тараах гэсэн зар нь өөрөө инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлтийн хурдац саарч байгаа болон Засгийн газар нэг дор бус цувуулж өгч байгаа нь инфляцийн дарамтыг өсгөхгүй байхад эерэгээр нөлөөлнө.  Ямар ч тохиолдолд Монголбанк нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.

-Монголбанктай холбоотой нэгэн мэдээлэл цацагдах боллоо. Тодруулбал, “Хүний хөгжил сан”-гаас сар бүхэн олгодог 21 мянган төгрөгийг өгөхийн тулд Монголбанк бэлэн мөнгө ихээр үйлдвэрлэж байна гэсэн яриа бий. Үнэхээр төв банк Засгийн газрын амлалтыг биелүүлэхийн тулд шинээр мөнгө үйлдвэрлэж байгаа юм уу?

-Засгийн газар улирлын чанартай алдагдлаа Монголбанкнаас зээл авч хааж болдог. Хэрвээ Монголбанкнаас зээл авч 21 мянгаа тараагаагүй байсан бол нийгэмд ямар сөрөг нөлөө гарах байсныг бодож үзэх хэрэгтэй байх. Он гарсаар Засгийн газар Монголбанкнаас хоёр удаа зээл авсан нь үнэн. Төв банкны тухай хуулинд “зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ нь дотоодоос төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн арван хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан байдаг. Иймээс Засгийн газар одоо Монголбанкнаас нэмж зээл авах боломж хуулиараа хаагдсан гэж ойлгох хэрэгтэй.

-Он гарсаар төв банк бодлогын хүүг хоёр ч удаа нэмчихээд байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчид бодлогын хүүг нэмэхгүй байж болдоггүй юм уу гэдэг асуудлыг хөндөөд байна л даа. Тэртээ тэргүй бодлогын хүүг нэмээд ч инфляци өсөөд байгаа шүү дээ?

-Энэ оны дөрөвдүгээр сард инфляци Улаанбаатар хотын хэмжээнд 17.8 хувьд хүрсэн байгаа. Үүний нэлээдгүй хэсгийг махны нийлүүлэлт буюу нийлүүлэлтийн шок тодорхойлсон. Нөгөө талаас эрэлтийн хүчин зүйлс инфляцийн дарамтыг сулруулахааргүй байгаа нь инфляцийн хүлээлтийг хөөргөж, үнийн өсөлтийн  хоёр дахь үеийн нөлөөг дагуулах эрсдэлтэй байсан тул бид мөнгөний бодлогыг хатууруулсан. Тэрнээс биш нийлүүлэлтээс үүдэлтэй инфляциас шалтгаалж бодлогын хүүг нэмсэн хэрэг биш.

-Монголбанкнаас цаашдаа ч бодлогын хүүг нэмж магадгүй гэсэн яриа байна. Энэ үнэн болов уу. Ингээд бодлогын хүүг нэмээд байвал эдийн засагт эргээд инфляци болдог юм биш үү?

-Бодлогын хэрэгслүүдэд өөрчлөлт оруулах эсэхийг Монголбанкны Захирлуудын зөвлөл шийднэ. Иймээс одоо ингэнэ тэгнэ гэж хэлэх боломж алга. Төв банкны хүү болон инфляци зэрэг өсөхийг “үнийн оньсого” хэмээн нэрийддэг. Зарим эдийн засагчид энэ үзэгдлийг зардлын сувгаар тайлбарлахыг хичээдэг л дээ. Өөрөөр хэлбэл бодлогын хүү нь зээлийн хүүг нэмэгдүүлдэг, ингэхээр үйлдвэрлэгчид зээлийн хүүний өсөлтөө үйлдвэрлэж буй бараа үйлчилгээндээ шингээдэг гэдэг. Гэвч энэ нь нотлогдсон зүйл биш. Бодлогын хүүг нэмснээр мөнгөний нийлүүлэлтийг хумин инфляцийн өсөлтийг сааруулдаг ийм л зүй тогтолтой. Олон орны хувьд бодлогын хүү, инфляци хоёр зэрэг нэмэгдэж байсныг судлаачид мөнгөний бодлого дэндүү сул байснаар тайлбарлан нотолдог.

-Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаснаар барилгын салбарт эрэлт нэлээд нэмэгдчихээд байгаа. Энэ нь инфляцид нөлөөлөх үү?

-Хүн амаа хямд орон сууцаар хангах гэсэн Засгийн газрын эрмэлзлийг дэмжихгүй хүн гарахгүй байх. Гагцхүү үүнийг хийхдээ инфляцийн хүлээлтийг өдөөхгүйгээр, нөгөө талаас нийлүүлэлтдээ анхаарах нь чухал.

-Энэ янзаараа  сонгуулийн дараа эдийн засаг хямарч магадгүй гэж нэг хэсэг нь болгоомжилж байгаа бол харин зарим нэг нь эдийн засаг эрүүлжинэ гэсэн итгэлтэй байна лээ. Ингэхэд сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг  ямар дүр зурагтай харагдаж байна?

-Бид өнгөрсөн дөрвөн жил юуг хийж болохгүй вэ гэдгээ хангалттай ухамсарласан шүү дээ. Тийм ч учраас хоёр том нам бэлэн мөнгөний амлалтаас татгалзсан гэж бодож байна. Ирэх долдугаар сараас бэлэн мөнгө тараах ажил эхнээсээ зогсох байх. Ингээд 2013 оноос төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөөд эхэлбэл инфляцийн дарамт эрс суларч эдийн засгийн халалтын сөрөг үр дагаврууд арилах үндэс бүрдэнэ. Мэдээж олон зүйл шинээр байгуулагдах УИХ, Засгийн газрын бодлогоос хамаарах ч сонгуулийн дараа эдийн засаг эрүүлжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Барилгын салбарт байгаа үнийн хөөс арилах болов уу. Ер нь цаашдаа байрны үнэ болоод үнийн дарамт буурах хандлага байна уу?

-Хөөс арилах уу үгүй юу гэдэг нь бодлого боловсруулагчдаас л хамаарна. Мөнгө, төсөв нь замбараагүй тэлээд байх юм бол үл хөдлөх хөрөнгийн зах дээр үнэ хөөсрөх нь гарцаагүй. Нөгөө талаас 4, 40, 100, 200 мянган айлын орон сууц гээд л зарлаад тунхаглаад байвал хүлээлтэд яаж нөлөөлөх нь ойлгомжтой. Байрны үнэ яагаад хөөстэй байгаа талаар эдийн засагч Н.Жаргалсайхан маш тодорхой бичсэн байдаг. Авилгал, хүнд суртал, газрын наймаа гээд шууд бус зардлууд байрны үнэд нөлөөлж байна. Нөгөө талаас дэд бүтцийн түгжрэлүүдээ шийдвэрлэмээр байна. Барилгын материал, түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй юмаа гэхэд хил гааль дээр 30-40 хонуулаад баймааргүй байна шүү дээ.

-Валютын ханш нэг үеэ бодоход тогтвортой байгаа. Энэ байдлаа цаашид хадгалаж чадах болов уу?

-Оны эхнээс авч үзэхэд ханшийн нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл 0.23 хувь байгаа нь валютын зах тогтвортой байгааг илэрхийлж байна. Цаашид ханш тогтвортой байх төлөвтэй байна. Гэхдээ валютын ханшийг тодорхой төвшинд барих гэж оролдох нь манайх шиг урсгал тэнцлийн алдагдалтай орны хувьд ихээхэн эрсдэл дагуулсан, өнөө маргаашаа харсан, улс төржсөн шинжтэй буруу үйлдэл юм. Хэдийгээр валютын ханшаа тогтмол түвшинд барьдаг улс орнууд цөөнгүй байдаг ч тэдгээр улсууд нь урсгал тэнцлийн ихээхэн ашигтай, ханш чангарах дарамт байнга байдаг, өрсөлдөх чадвараа хадгалахын тулд ханшаа чангаруулахгүй байх зорилгоор интервенци хийж, валютын нөөцөө өсгөдөг. Цаашид Монголбанкны зүгээс валютын ханш макро эдийн засгийн суурь нөхцөлөөр тодорхойлогдон, валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтээс хамаарч уян хатан тогтож байх зарчмаа тууштай хэрэгжүүлнэ.

-Төсвийн хүрээний мэдэгдлээр 4.4 их наяд төгрөг хэмээн баталсан нь эдийн засагт ямар хүлээлт үүсгэхээр байна вэ. Хэтэрхий нүсэр төсөв болсон уу?

-4.4 их наяд төгрөг гэдэг нь ДНБ-ний 41 орчим хувьтай тэнцэх мөнгө. Ерөнхийдөө төсөв данхайх нь улс орны хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг. Төсөв хэдийчинээ томорно, төдийчинээ хувийн сектор шахагддаг зүй тогтолтой. Хувийн секторт очих ёстой байсан бараа үйлчилгээ, мөнгө, зээлийг Засгийн газар замаас нь булаачихаж байна гэсэн үг. Нөгөө талаас төсөв огцом нэмэгдэхээр халалтыг бий болгон инфляцийг өдөөгөөд эхэлдэг. Инфляци хэт өндөр түвшинд хүрвэл эдийн засаг доголдоод эхлэх төдийгүй нийгмийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй болдог. Ингэхээр төв банк нь банкуудад олгох зээлийг арга буюу багасгаад эхэлдэг. Замбараагүй, сахилга батгүй төсөв, мөнгөний хатуу бодлого гэдэг чөтгөрийн хослолын үр дүнд хувийн сектор л хохирдог.

-Инфляцийг бодлогын хүүг нэмэхгүйгээр барих арга бий юу?

-Мөнгөний бодлогыг чангаруулахдаа яагаад голчлон бодлогын хүүг өсгөх аргыг хэрэглэж байгаа вэ гэвэл, нэгдүгээрт, бодлогын хүүг өөрчлөх нь мөнгөний бодлогын төлөв ямар чигт байгаа болон төв банк макро эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа талаар олон нийтэд сайн дохио болдог. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын бусад арга хэрэгслүүд нь илүү захиргааны шинж чанартай байдаг бол бодлогын хүү нь зах зээлд суурилж, мөнгөний бодлогын шилжих механизмаар дамжин илүү өргөн цар хүрээг хамарч, нийт эдийн засагт нөлөөлөх чадвартай байдгаараа онцлог юм. Гуравдугаарт, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн хэлбэлзлийг багасгах зорилгоор интервенци хийж байгаа үед төгрөгийн өгөөжийг өндөр байлгахын тулд бодлогын хүү өөрөө өндөр байх шаардлагатай болдог.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж