Бодлогын чанартай хуулиудыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Бодлогын чанартай хуулиудыг баталлаа

УИХ-ын чуулганы тавдугаар өчигдрийн нэгдсэн хуралдаанаар бодлогын чанартай хэд хэдэн чухал хууль, тогтоол баталлаа. Хэлэлцэх асуудал бүрт гишүүдийн зүгээс санал, шүүмж төдийлэн гараагүй бөгөөд өмнө байнгын хороод, ажлын хэсэг дээр хэлэлцэж тохирсон хэлбэрээр нь батлахыг илүүд үзсэн байна. Нэг томоохон хуулийг батлахтай холбоотойгоор 5-15 хуульд нэмэлт өөрчлөлт орж буй бөгөөд УИХ-ын чуулган энэ өдрийн хуралдаанаараа нийт 80 орчим хуульд өөрчлөлт оруулсан хэмээн тооцож болохоор аж.

АТГ-ЫН ХҮЧИЙГ ЗУЗААТГАВ

Эхэнд нь “Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан юм. Энэ салбарын шинэ хууль гарснаар бүтцийн байгууллага нь боловсрон хүчнээ өргөтгөх шаардлага бий болжээ. Ингээд тус газрын албан хаагчдынх нь орон тооны дээд хязгаарыг 145 болгон нэмэгдүүлж, үндсэн дөрвөн бүтцийг нь таван бүтэцтэй болгон тэлэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр АТГ-ын удирдлагад хандан “Орон тоо, зохион байгуулалтын бүтцийг ийнхүү шинэчилж байгаа нь авилгаас урьдчилан сэргийлэхэд их чухал. Сургалт, сурталчилгааг чанартай сайн зохион байгуулахад онцгой анхаарахгүй бол олон нийтийн дунд бүх асуудлыг АТГ хамж аваад байгаа мэт сэтгэгдэл төрж, төрийн албан хаагчид айн болгоомжлох байдлаар хүндрэл бэрхшээл гарч байгаа тул энэ ажлыг зөв талаас нь сайтар зохион байгуулах хэрэгтэй” гэв. Мөн хэлэлцүүлгийн үеэр Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарын гишүүд “Сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж байна” хэмээн шүүмжилж байв.

ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ ХУУЛЬЧЛАВ

Шинжлэх ухааны дэвшилт гар­гасан шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэв­трүүлж чаддаггүй, туршилт, нээлтүүд зөвхөн академи дээр л хадгалагдаж байдаг байдлыг өөрчлөхийн тулд өндөр технологийг дэмжих бодлого ихээхэн үгүйлэгдэж буй тул энэ тухай хууль санаачлахаар болсон гэдэг. Инновацийн тухай хоёр хуулийн нэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас боловсруулсан төсөл. Нөгөө нь УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Технологийн инновацийн тухай хуу¬лийн төсөл байсан бөгөөд нэгтгэсэн байдлаар хэлэлцүүлгийг хийж энэ өдөр батласан байна. Хууль батлагдсанаар шинэ бүтэц, өмнө нь байгаагүй ойлголтууд бий болох юм. Онцолбол, Их сургууль болоод эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд өөрсдийн бий болгосон технологи, оюуны өмчөө ашиглаад компани байгуулах эрхтэй болохоор байгаа аж. Мөн хуулиар шууд ба шууд дэмжлэгийн олон хэлбэрийг тусгажээ. Шууд дэмжлэг нь санхүүгийн шууд хөрөнгө оруулалт буюу төслийг нь санхүүжүүлэх хэлбэр байх ба Хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан зэргээс дэмжлэг үзүүлж болно. Харин шууд бус дэмжлэг гэдэг нь энэ хуулийг дагаад найман хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор бий болж буй юм. Тухайлбал, гаалийн татвараас инновацийн тоног төхөөрөмжийг хөн­гөлөх зэрэг асуудлыг хуульд өөрчлөлт оруулснаар шийднэ. Мөн технологийн салбарт ажиллах гадны эрдэмтдийг урт хугацааны виз олгох зэргээр дэмжих болж байна.

СОЁЛЫН БОДЛОГИЙН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛОВ

Мөн дараагаар нь Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргав. “Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, сайн сайхан амьдралын нэгэн эх сурвалж, монгол үндэсний оршин тогтнол, аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн нэгэн баталгаа болсон уламжлалт соёлоо хадгалж хамгаалах, хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой жишиглэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах явдлыг эрхэмд үзэхэд энэхүү баримт бичиг чиглэж байгаа” гэнэ.

ИРЭХ ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАВ

Дараагийн хэлэлцэн баталсан асуудал нь ирэх оны эдийн засгийн үндсэн чиглэлийг тодорхойлох тогтоол байсан бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын 2013 оны эдийн засгийн бодит өсөлтийг 19 хувь байхаар төсөөлжээ. Мөн эдийн засгийн гол тэнцлүүд болох төсөв, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлүүд эерэг гарч, макро эдийн засгийн тэнцвэртэй байдал хадгалагдахаар тогтоож өгчээ. Эрэлтийн хурдтай өсөлтийг дагаад инфляцийн түвшин нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ. Гэсэн ч эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфяцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг барьж буй гэнэ. Мөн Үндсэн чиглэлд 2013 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өндөр өсөлт нь иргэддээ өгөөжтэй байхад онцгой анхаарч ажиллах аж. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4900 ам доллар болон гадаад валютын цэвэр албан нөөц 4,1 тэрбум ам доллар болно гэж төлөвлөжээ.

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ХУУЛИУД БАТЛАГДАВ

Мөн хуралдаанаар Шүүхийн багц хуулиудын дараагийн цуврал болох Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тухайлбал, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хууль батлагдсанаар ямар ч үүрэг оролцоогүй байсан иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд үүрэгтэйгээр оролцдог болох хуулийн орчин бүрдэж буй юм. Харин Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаар аливаа маргааныг зуучлагч хөндлөнгийн этгээдийн оролцоотойгоор зохицуулах шүүхийн бус аргыг хэрэглэх боломж бий болж буй аж. Ийнхүү эвлэрүүлэн зуучлалаар маргааныг шийдвэрлэх тохиолдолд маргалдагч талууд өөрт ашигтай болон ашиггүй үйл баримтыг зуучлагчийн тусламжтайгаар ойлгон мэдэж, өөрт учирч болох сөрөг үр дагаврыг ухамсарласны үндсэн дээр дундын хувилбарыг олж, зөрчигдсөн эрхээ сэргээх, учирсан хохирлоо хялбар аргаар арилгаж, аль аль тал нь сэтгэл ханамжтай үлдэх боломж бүрдэх бөгөөд олон эерэг үр дүнг авчирдаг байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж