ЖДҮ эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

ЖДҮ эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэр­лэл эрхлэгчдийг татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ хуулийг  УИХ-ын чуулганаар батлуулахаар эцсийн хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм байна. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдийг татвараас хөнгөлөх тухай хуулийн төсөлд 50 сая төгрөгөөс дотогш орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан байна. Мөн 50 сая хүртлэх орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх гэнэ.  Бага мөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бага орлоготой учраас төрийн зүгээс зохицуулалт хийх шаардлагатай байдаг гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байсан. Эл хууль батлагдсан нөхцөлд 50 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувиар тооцон төлөх аж. Одоо үйлчилж байгаа хуулиар бол 10 хувийн Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлж буй гэнэ.

Өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 38 тэрбум төгрөгийн зээл олгосон. Харин энэ жил сум хөгжүүлэх санд 24, өнгөрсөн жилийн зээлийн эргэн төлөлтийн 30 тэрбум төгрөг төсөвт суулгаснаар нийт 54 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой болсон байна. Төрийн зүгээс сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ авч ажиллаж байгаагийн нэг нь зээлийн сан бүрдүүлэлт аж. Тухайлбал, жил тутамд 150 тэрбум төгрөгийн зээлийн сан бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаа­лийн татвараас 2016 он хүртэл чөлөөлөх шийдвэр гарсныг ч онцол­сон. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 500 мянга гаруй иргэн ажиллаж буй мэдээлэл бий.

ЖДҮ-ийн газраас жилд хоёр удаа орон нутаг болон нийслэлд шалгалт явуулж иргэдийн үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцдаг журам бий. Энэ журмын дагуу өнгөрсөн хуга­цаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж, хүн ам ихээр суурьшсан аймгуудад үйлдвэр­лэгчид олноор нэмэгдэх болсон байна. Мөн үйлдвэрлэл хөгжихийн хирээр ажлын байр шинээр бий болох, иргэд байнгын болон түр ажлын байраар хангагддаг учраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж төрийн зүгээс анхаарал хандуулах нь зүйтэй. Үүний дагуу Засгийн газраас өргөн барьсан энэ хууль нь татвар төлөгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж буй томоохон илэрхийлэл юм гэдгийг ЖДҮ-ийн газрын дарга Ц.Ням-осор онцолж байсан.  Мөн тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн оны байдлаар 329 сумаас 300 сумдад иргэдэд нээлттэй ил тод байдлаар зээл олгогдож, хяналт тавьсан. 4800 гаруй зээлдэгчид байдаг. Тэдгээрт арилжааны банкуу­даар дамжуулан зээл олгодог.  Банк өөрөө 100 хувийн эрсдэл даах нөхцөл­тэйгээр зээл олгодог учраас зээлийн хувьд ил тод байдлаар олгогд­дог. Банкиар дамждаг учраас төрийн санд буцаж төвлөрөөд буцаад зээл болон эргэлддэг. Тэгэхээр банк эрсдэлээ дааж зээл олго­дог учраас банкнаас шаардсан барьцааг давах чадвартай иргэдэд зээл олгох шаардлагатай болдог.  Яг үүнтэй холбоотойгоор УИХ-ын Сангийн тухайн хуульд Зээлийн батлан даалтын хууль батлагдсан. Энэ нь ЖДҮ-ийн зээлийн хүрээ тэлж эхлэх үндэс нь юм. Энэ хууль нь бичил бизнес эрхлэгчид болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байвал  барьцааны тодорхой хувийг  төр даагаад үлдсэн хувийг нь тухайн зээлдэгч өөрөө даах юм” гэлээ.

Төрийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа дараагийн алхам нь УИХ дээр бат­лаг­­дахаар хүлээгдэж байгаа тат­варын хөнгөлөлтийн хууль.  ЖДҮ-ийг эрх­лэгчдийн дунд хийсэн судал­гаагаар зээл авахыг хүссэн бөгөөд  81 хувь нь барьцаа хөрөнгийн үнэл­гээний 50-иас доош хувьд зээл авсан бөгөөд 42 орчим хувь нь барьцаа хөрөнгийн үнэлгээний үнийн дүнгийн зөвхөн 30 хүртэлх хувьд л зээл авч чадсан байна. Нийт асуулгад оролцсон зээлдэгчийн 91 хувь нь үнэлэгдсэн хөрөнгийн 60-аас доош хувийн үнэлгээнд харгалзах хэмжээний зээлийг авчээ. Үүнээс харахад зээлдэгчдэд тулгамдаж байгаа асуудал нь барьцаа хөрөнгө. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа эзэддээ хүрэх боломжтой. ЖДҮ-ийн газар болон Засгийн газраас цаашид зээл авах хэмжээг багасгах өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн зээл авах боломжийг ч бүрдүүлэхээр ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа. Тухайлбал, Япон улсын төслөөр орж ирж байгаа  зээлийн дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар юм байна. Ийм зээлийн бага орлоготой иргэд авч чадахгүй. Харин  зээлийн хэмжээг 5-10 сая төгрөг болгочихвол олон хүн авах боломжтой болно” гэдгийг ч Ц.Ням-Осор онцолсон юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж