Хятадын тухай таамаглалууд үнэн үү?

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хятадын тухай таамаглалууд үнэн үү?

Дэлхийн түүхэнд үсрэнгүй хөгжлийн жишээ олон байгаа ч одоо хил хязгаараа тунхаглачихаад буй улс орнуудын тоотой харьцуулахад дэндүү бага мэт санагдаж болох юм. Тэгвэл дэлхий дээр амьдарч байгаа хүн амын 20 орчим хувь нь амьдардаг Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац одоо ч бусад орнуудад гайхагдсаар байгаа аж. Гэхдээ асуудлын гол нь энэ хөгжил хэр удаан үргэлжилж чадах вэ гэдэг юм. Олон улсын шинжээчид Хятадын хөгжил, ирээдүйг янз бүрээр төсөөлдөг бөгөөд гол нь ингэж их анхаарал тавихын учир нь өнөөгийн дэлхийн эдийн засгийн бодит нөхцөл байдалтай шууд холбоотой. Бодит нөхцөл байдал гэвэл Хятад улс өнөөдөр дэлхийн хоёрдахь том эдийн засаг болж чадаад ,бас дээр нь дэлхийн бусад бүх том эдийн засгууд түүнээс маш их хамааралтай болсон байна.

Ийм нөхцөлд Хятадын ирээдүйн төлөв байдлын талаар олон таамаг, дүн шинжилгээ дэвшүүлэх нь бараг л улиг болж. Гэхдээ олны анхаарлыг татах сонирхолтой гэмээр таамгууд бас бий. Тэдгээрийн нэг нь АНУ-ын “Хаффингтон пост” сонинд гарсан нэгэн шинжээчийн дүгнэлт болж байна. Энэхүү дүгнэлт нь ирээдүйг харсан таамаглал гэхээсээ илүү телевизийн нэр алдартай  “Нэшнл Жеографи”, MTV зэрэг сувгуудаар гардаг “Мифбастер” буюу “ Домгийг няцаагч” нэвтрүүлэгтэй ойролцоо агуулгатай аж. Өөрөөр хэлбэл, Хятадын талаар гарсан элдэв таамаг, зөгнөл, цуу яриа зэргийг няцаасан дүгнэлт таамаглалыг гаргасан байна.  Энэхүү нийтлэлд дурдсанаар бол Хятадын эдийн засаг урьдын адил эрч хүчтэй биш байгаа ч ойрын арван жилд АНУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно гэж ойлгож болох гэнэ. Ийм дүгнэлтэд хүрэхэд нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, ОУВС зэрэг “аваргууд”-ын гаргасан дүн мэдээ, дүгнэлтүүд тулгуур болж байгаа гэнэ. Ердөө л арван жилийн дараа гэхэд хятадуудын орлого хоёр дахин нэмэгдэж, ядуу тарчиг гэгдэж байсан Хятад орны иргэдийн амьжиргаа өнөөгийн барууны орны иргэдийн төвшинд хүрэх төлөвтэй гэж судлаачид баталж байгаа аж. Ингээд америкийн шинжээчид Хятадын ирээдүйн тухай таамаглаж байгаа арван домгийг хэрхэн няцааж байгааг харуулъя.

Домог 1: Хятадын ард олны уур хилэн ихэсч, ХКН-ын засаглал суларч байна…

Энэ домог өнөөдрийн байдлаар тийм ч үнэмшилтэй биш болж байгаа аж. Хэдийгээр Хятадын Коммунист нам “хүнд гартай” гэгддэг ч өргөн олон нийтийн дунд маш их итгэл хүлээдэг хэвээрээ байгаа гэж америкийн шинжээчид ойлгож байгаа гэнэ. Хятадын эдийн засгийн өнөөгийн өсөлт үргэлжилсээр байгаа үед Дундад улсын иргэд өөрсдийн лидерүүдийг ямар ч байсан дэмжсээр байх болно гэж тэд үзэж байна. Тэгээд ч Хятадын ард түмэн дэг журмыг хүсч байгаа ажээ. Магадгүй ойрын ирээдүйд Хятадын одоогийн хуучинсаг мэт дэглэм “мутаци”-д орж Сингапурын загвар луу шилжиж болох боловч огцом өөрчлөлт гарахгүй гэнэ. Хятад яаж ч өөрчлөгдлөө гээд хэзээ ч америк маягийн, эсвэл европ маягийн улстөрийн системийг бий болгохгүй ажээ.

Домог 2: Америк маягийн бие даасан, хувьчирхах үзэл Хятадад суурьшина

Хэдийгээр өнөөгийн Хятадад поп урлаг хүчээ авч, шивээс хийдэг салонууд цэцэглэн, шинэ од дуучин Жей Чоу нарын уламжлалт ёс суртахууныг сөрсөн зарим нэг үг хэллэг бүхий дуунууд цуурайтаж байгаа ч яг америк иргэншилд орчихно гэсэн үг биш гэнэ. Америкийн нийгмийг бодвол хятадуудын амьдарч байгаа иргэншлийн орчин нь эрс ялгардаг хэвээр байгаа аж. Хятадууд нийтэч дүр төрхтэй бөгөөд хэн нэг хувь хүний эрч хүчээр ямар нэг том зүйлийг хийхийг тэр бүр дэмждэггүй талтай. Аливаа бүтээлч нэгж нь нэг хувь хүн гэхээсээ илүү бүхэл бүтэн овгийн байдалтай бүтэц байдаг ажээ. Тэд хөрөнгөлөг хэв шинжийг мөрөөдөхөөсөө илүү өсвөр насныхаа мөрөөдөлдөө хөтлөгдөж том болох нь нийтлэг гэнэ.

Домог 3: Өнөөгийн хятадуудад ямар ч үзэл бодол, итгэл үнэмшил байхгүй

Хятадын нийгэм эргэн дурсагдсаар байх иргэншлийн эмгэнэлт хямралыг бараг үзээгүй гэхэд болно. Харин ч Хятад нь бусдаас өөрсдийг нь эрс ялгаруулдаг үнэ цэнтэй өв уламжлалынхаа сэргэн мандлын босгон дээр зогсч байгаа гэж болох аж. Соёлын хувьсгал нь зовлон бэрхшээлийг амсуулсан ч хятадуудын үндэсний болон гэр бүлийн хүрээний уламжлалт үнэт зүйлсийг огтхон ч устгаж чадаагүй ажээ. Тэдгээр үнэт зүйлсийн нийгэм дэх зохицол нь одоо хүртэл хөгжлийн зөв тэмүүлэл байж үлдсэн бөгөөд хувь хүний “ганцаарчилсан тоглолт”-ын эсрэг үзэл улам л өргөн тархаж байгаа гэнэ. Харин ч хамтын хүчин чармайлт нь хөгжилд илүү хурдан хүргэж байгаа гэж үзэж байгаа аж.

Домог 4: Интернэт Хятадад хувьсгал авчирна

Мэдээж интернэт Хятадыг өөрчилж, илүү сайн зүйлд хүргэж байгаа гэж үзэж буй ч харин хувьсгалд дуудна гэх нь өнөөдөртөө арай л чангадах аж. Цахим сүлжээ Хятадад илүү хятад онцлогтойгоор шингэж байгаа гэнэ. Хэдийгээр өнөөгийн засаглал Хятадын цахим сүлжээнд өөрсдийгөө илэрхийлэх боломжийг нээн өгч, урамшуулж байгаа ч олон нийтийн санаа бодол зарим зүйлийн талаар хэлэлцэж эхэлмэгц хаалт тавих хүртэл арга хэмжээ авч байхаар хяналтаа тогтоож чадсан байна. Тухайлбал улстөрч Бо Шилай, хятадын тэмцэгч Чен Гаунь нарын улстөрийн хэлэлцүүлэг гармагц л Sina-Weibo зэрэг блогуудыг хаана гэж сүрдүүлж байжээ. Энэ нь олон хүнийг амандаа үглэхэд л хүргэсэн болохоос илээр дургүйцлээ илэрхийлэх хэмжээнд аваачсангүй.

Домог 5: Хятадын хэрэглэгчдийг ойлгох боломжгүй болно

Хятадын эмэгтэйчүүд мэдээжээр өнөөгийн хөгжлийг тусгаж авч байгаа ч уламжлалт хятад эмэгтэйн даруу шинж байдлаа эвдэхийг хүсэхгүй байгаа гэнэ. Тиймээс хятад хүүхнүүд гялалзсан үнэт эдлэлийг худалдаж авсаар байгаа ч тун даруухан харагдахыг бас хичээсэн хэвээр байгаа ажээ. Эрчүүдийх нь хувьд бол хүрсэн амжилтаа уйгагүй хичээл зүтгэлээр олсон гэдгээ харуулахын тулд амжилтаараа онгирох дургүй бөгөөд асар үнэтэй итали машины оронд энгийн герман машинуудыг сонгон унадаг ажээ. Хятадуудын өвөрмөц энэ мэт араншинг таньж л чадвал тэд чухам юуг илүү сонирхож, худалдаж авдгийг нь таадаг болоход амархан гэнэ.

Домог 7: Хятадын эдийн засгийн өсөлтийн загвар аюулд ороод байна

Хятадын эдийн засагт түр зуур тохиолдсон “ослын буулт” нь бүхэлдээ Хятадын эдийн засагт аюул учруулахгүй юм байна. Урт хугацааны төлөвөөр харвал Хятадын эдийн засгийн одоогийн загвар цаашдаа амьдрах чадвартай гэдэг нь нотлогдсон гэнэ. Засаглалын хувьд ч, ард иргэдийн хувьд ч эдийн засгийн реформ хийх хэрэгтэй гэж ойлгож байгаа юм. Гэхдээ энэ өөрчлөлт өрнөдийнхөнд анзаарагдахааргүй аажим бөгөөд нарийн төвшинд явагдана гэж үзэж байгаа тул хятадуудын зарим нэг болгоомжлол дэмий л нэг “паник” төдий зүйл гэсэн байна.

Домог 8: Хятадын корпорациуд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг үгүй хийж байна

Үнэмшилтэй мэт боловч аж үйлдвэр, эрчим хүчний болон мэдээллийн технологийн гэх мэт стратегийн салбарт ч тэр Хятадын корпорациуд америкийн компаниудыг өөрсдийх нь зах зээлээс шахтал хэдэн арван жил болно гэж үзэж байгаа аж. Тэр ч байтугай огт ийм зүйл болохгүй ч байж магадгүй юм. Тэгээд ч Хятадын компаниуд улс оронтойгоо адилхан нээлттэй бус бөгөөд одоогоор Хятадад шинэ санааг бий болгох, тэдгээрээс ашиг олох тал дээр түлхэц өгөхүйц динамик хүч байхгүй байгаа аж.

Домог 9: Хятад дэлхийн цорын ганц эзэнт гүрэн болно

Хятад бол Америкийг бий болгосонтой адилхан зүрх сэтгэлийн дуудлагатай орон бас биш юм. Нэгдсэн улсын бодлого нь бүх дэлхийн сайн сайхныг бодсон гэх мэт сэтгэл хөдлөм уриалга дор явдаг бол Хятад тийм биш. Энэ утгаараа Хятад бол хэт үндсэрхэг  явцуу үзэлтэй орон. Тэд өөрсдийгөө болон өөрийн сонирхлоо л хамгаалах санаа бодолтой үндэстэн. Хятад дэлхийн эдийн засгийн гүрэн болж чадах ч хэзээ ч улстөрийн болон урлаг соёлын гүрэн байхыг хүсэхгүй гэнэ.

Домог 10: Хятад цэргийн түрэмгий бодлого барина

Хятад улс цэрэг зэвсгийн хүчээ зузаатгаж байгаа нь үнэн боловч АНУ-ны эсрэг буюу бусад орнуудын эсрэг энэ бүхнийг зориулна гэхэд итгэл багатай гэж америкийн шинжээчид үзэж байгаа юм. Хятадад очиж үзсэн хүн тэд энх амгалан байдлыг хэзээ хэзээнээс илүү хүсч байгаа гэдгийг олж харж болох гэнэ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж