Хугацаандаа хамрагдсан бол санаа зовох хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хугацаандаа хамрагдсан бол санаа зовох хэрэггүй

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгтэй холбоотой асуудлаар Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны, Техникийн хяналт, оношлогооны хэлтсийн дарга С.Насанбатаас тодрууллаа.


-Тээврийн хэрэгслийн тех­никийн үзлэгт одоогоор хэдэн машин хамрагдаад байгаа вэ?

-Тавдугаар сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд 166 мянга гаруй, нийслэлд 96 мянга гаруй автотээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Энэ нь өмнөх оныхоос 30 гаруй мянган машинаар илүү гэсэн үг.

-Зургадугаар сарын 1-нээс өмнө техникийн үзлэгт ороогүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй гээд байгаа?

-Зургадугаар сарын 1-нээс өмнө үзлэгт ороогүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Бид бүтэн жилийн турш техникийн хэрэгсэлд хяналт, үзлэг хийдэг. Зөвхөн хэдхэн сарын хугацаанд л үзлэг хийдэггүй. Одоогоос арав гаруй жилийн өмнө дөрөвдүгээр сараас, зургадугаар сар хүртэл албадлагын байдлаар автомашины үзлэг хийдэг байсан. Харин одоо бол өөр. Бүтэн жилийн турш үзлэгээ явуулж, машинуудыг хамруулж байгаа.

-Тэгэхээр жолооч нар санаа зовохгүй байж болох нь ээ?

-Гэхдээ жолооч нар маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. 2011 оны нэгдүгээр сард үзлэгт хамрагдсан бол энэ оны нэгдүгээр сард хамрагдсан байх ёстой. Хэрвээ та 2011 оны наймдугаар сард үзлэгт хамрагдсан бол ирэх наймдугаар сараас өмнө л үзлэгтээ хамрагдана гэж ойлгож болно. Товчоор хэлбэл тогтоосон хугацаандаа л орох хэрэгтэй. Хэрвээ та нэгдүгээр сард үзлэгт орохоор байгаад одоо хоцорсон бол торгуулиа төлөөд оношлогоонд хамрагдаж болно. Тэгэхгүй бол буруу ташаа олон мэдээлэл цацсанаас болоод манай байгууллага дээр ачаалал нэмэгдэж байна. Та өнгөрсөн оны зургадугаар сараас хойш даатгалд хамрагдсан бол тайван байж болно. Харин өмнө нь хамрагдсан бол зайлшгүй амжиж хамрагдах шаардлагатай. Албан байгууллагын тухайд ажлын хэрэгцээнд байгаа бүх машиныхаа төлбөрийг дөрвөн улиралдаа хувааж төлж болдог. Заавал зургадугаар сарын өмнө өгнө гээд өгөхгүй байж байгаад бөөнөөр өгөх шаардлага байхгүй.

-Техникийн хэрэгслийн үзлэгт хамрагдах гээд дугаарлаж байгаа машинуудыг ар өврийн хаалгаар үзэж байна гэсэн хардлага жолооч нарт байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тийм зүйл ерөөсөө байдаггүй юм. Хэдэн жилийн өмнөөс үзлэг, хяналтыг тусгай программын дагуу хийдэг болсон. Тухайлбал, аль нэг машины утааг тогтоох ёстой бол түүнд орж байгаа машин, ялгарч байгаа утааны зэрэг нь автоматаар программд ороод хариу нь гараад ирдэг. Хүний оролцоо бараг хэрэггүй болж байгаа юм. 2003 юм уу, 2004 онд ар өврийн хаалгаар үзлэгт ордог байсан. Түүнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бол тийм юм огт байхгүй болсон. Машин үзлэг, оношлогоонд орж байж компьютерт бүртгэгдэнэ. Заавал компьютерт хянагддаг учраас.

-Сүүлийн үед техникийн хэрэгслийн үзлэгт хамрагдах жолоочдын идэвх хэр зэрэг нэмэгдэж байгаа вэ?

-Нэлээд сайжирч байгаа гэж хэлж болно шүү. Ер нь жилийн хугацаанд үзлэг, оношлогоо явуулдаг болсноос хойш жолооч нарын идэвх нэмэгдсэн. Нэг л баримт хэлье. 2010 оны тавдугаар сард 114 мянга 131 автомашин хамрагдаж байсан бол, дараа жил нь 130 мянга 660 автомашин болж нэмэгджээ. Харин энэ жилийн тухайд 143 гаруй машин хамрагдаад байна. Тиймээс жолооч нартаа зайлшгүй талархах хэрэгтэй болж байгаа юм.

-Тээврийн хэрэгсэлд тех­никийн хяналтын үзлэг хийх шаардлага байгаа юм уу?

-Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж зам тээврийн осол гарах тохиолдол байдаг. Үүнээс болоод хүний амь нас ч хохирох боломжтой. Хэдийгээр тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болоод хохироод байгаа хүмүүс, автомашины судалгаа одоогоор Монголд алга. Харин ерөнхий мэдээлэлтэй холбоотой нэг л баримт дэлгэе. 2011 онд манай улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 362 хүн нас барж, 1092 хүн гэмтсэн баримт бий.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж