Хууль үйлчилснээр гадаадын төрийн болоод төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ Засгийн газраас заавал зөвшөөрөл авч байхаар болов. Гадаадын хөрөнгө оруулагчид стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсвэл эрхэлж байгаа компанийн хувьцааны гуравны нэгээс 49 хувь хүртэл хувийн эзэмшихээр бол Засгийн газраас зөвшөөрөл авах юм. Харин 49 хувиас дээш хувийг эзэмшихээр бол УИХ-ас зөвшөөрөл авдаг байхаар хуульд тусгаад байна. Ингэснээрээ аль нэг гадаадын компани Монголд зоргоороо орж ирээд дурын компанийн хэдэн ч хувьд хамаагүй эзэн суучихдаг байдал арилж байна.
Эхний ээлжинд стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт гурван салбарыг хамаарууллаа. Эрдэс баялаг мэдээж тэргүүлэх салбарт орно. Үүний араас банк, санхүү орж байна. Үүн дээр хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар нэмэгдлээ. Стратегийн ач холбогдол бүхий салбар үүгээр хязгаарлагдахгүй. Шаардлагатай гэсэн салбарыг тухай бүрт нь нэмж оруулахаа УИХ мэдэж байх юм.
Гадагш шилжүүлсэн төлбөрөөсөө Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасны дагуу татвар суутгаж, улсын төсөвт шилжүүлж байхаар боллоо. Бас стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авахад дотоодын аж ахуйн нэгжид давуу эрх өгч байхаар болж байна.
Бас гадаадын хөрөнгө оруулагчийн хувийг зааж өгснөөрөө онцлог юм. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь 49 хүртэл байж болно. Түүнээс илүү гарвал хөрнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс дээш бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэж байхаар болов. Засгийн газар зарим тохиолдолд зөвшөөрөл өгөхөөс татгалзахыг хоригложээ.
Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналт, зохицуулалтын нэг хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах явдал гэдгийг баталгаажуулла. Эдийн засгийн болоод үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, улс төрийн нөхцөл байдал зэргээс энэ шалтгаалж буйг хуульд тусгаж өгчээ.
Хуулийн заалтыг зөрчсөн стратегийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульд тусгаж өгснөөр гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор гаднынхан Монголын амин чухал аж ахуйн нэгжүүдэд дураараа ажиллаж, дийлэнх хувийг эзэмшдэг байдлыг таслан зогсоох ач холбогдол бүхий хуулийг энэ удаагийн УИХ бүрэн эрхээ өндөрлүүлэхийн бараг босгон дээр гараас гарган мөрдүүлэхээр болов .