Хакухо тэргүүтэй сумочид ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Хакухо тэргүүтэй сумочид ирлээ

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолтод оролцох сумочид дөнгөж сая Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Их аварга Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын сумочид өнөөдрийн онгоцоор иржээ. Харин Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар маргааш Улаанбаатарт буух аж. Эх орондоо буяны үйлсэд зориулсан нөхөрсөг тэмцээнд явуулахаар ирж буй сумочдыг даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр нар тоссон байна. Бөхчүүд онгоцноос буусан даруйдаа “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тавдугаар сарын 23-нд буюу маргааш “Бөхийн өргөө”-нд болохоор товлогдоод байсан “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын хугацаа хүндэтгэх шалтгаанаар хойшилж, 24-ний пүрэв гаригийн 18.00 цагт эхлэхээр болжээ. Учир нь төлөвлөсөн ёсоор өчигдөр Улаанбаатарт ирэх байсан сумочдын онгоцны нислэг цаг агаарын улмаас саатаж, өнөөдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатарт ирсэн тул арга хэмжээг хойшлуулахаас аргагүй болсон юм.

 “Хакухо” сан, “TLG-13”, “Мон лаа” компани, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-иас хамтран зохион байгуулж буй сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбарын үнэ 15.000 төгрөг. Тоглолтын орлогыг буяны үйлсэд 100% зориулах бөгөөд үүнд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах, 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах зэрэг тусламжууд багтаж байгаа ажээ.

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтын баатрууд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр болох бусад сонирхолтой тэмцээнд мөн өрсөлдөх юм байна. Үзэгчдийн дундах тэмцээнийг ч бас зохион байгуулагчид мартаагүй байгаа. Хэрэв таны аз таарвал үзэгчдийн тэмцээний ялагч болсноор Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой юм.

Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийн багт даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ. Харин урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр болсон байна.

 “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр”Монгол масс медиа” групп буюу “Боловсрол суваг” телевиз, NEWS.mn сайт, “Eagle News” TV болон “Sport box” зэрэг мэдээллийн сувгууд ажиллаж байгааг дашрамд дуулгая.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж