![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2013 онд 7,473.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 39.2 хувь, 2014 онд 8,864.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.7 хувь, 2015 онд 10,219.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.1 хувь байхаар тооцжээ.
“Монгол Улс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч тул уул уурхайн салбарын орлого нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шууд хамааралтай бөгөөд энэ байдал ойрын жилүүдэд үргэлжилсээр байна. Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, уг салбарын бусад салбаруудад нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл байдал, цаг уурын нааштай байдлаас үүссэн мал аж ахуйн салбарын өсөлт зэрэг шалтгаануудаас эдийн засгийн өсөлтийг 15,2 хувьтай байхаар тооцооллоо. Уг өсөлтөд уул уурхайн салбарын өсөлт 24,8 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 13,3 хувиар байхаар байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөрш орнуудын аж үйлдвэрлэлийн хэмжээ, импортлогдох инфляцийн төвшин болон газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа бөгөөд ирэх онуудад ч үргэлжлэхээр байна. БНХАУ-ын эдийн засагчдын үнэлгээгээр уг орны эдийн засаг ирэх онд 7,5 хувиар өсөхөөр байгаа бөгөөд энэ нь Монголд экспортоор дамжиж нөлөөлнө. Харин 2013-2015 онуудад эдийн засгийн өсөлт 11.2-19.0 хувьтай байхаар байгаа бөгөөд “Оюутолгой” ХХК-ийн зэс, алт, мөнгөний үйлдвэрлэл 2013 оноос эхлэхээр тооцоолсон” гэж 2014-2015 оны таамаглалд дурджээ.
Дээрх хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүддээ баяр хүргээд “Та бүхний дөрвөн жилийн ажлын эцсийн үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 7,4 их наяд төгрөг болж, ДНБ-ий бодит өсөлт 19 хувьд хүрнэ гэдэг ийм том зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Эдгээр тоо баримт бол урьд хожид байгаагүй үзүүлэлт юм” хэмээн тэмдэглэлээ.