“ХАА-н бэлтгэн нийлүүлэлтийг цэгцэлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

“ХАА-н бэлтгэн нийлүүлэлтийг цэгцэлнэ”

Хөдөө аж ахуйн салбарынхан өнөөдөр “Континенталь” зочид буудалд цугларч, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа бирж байгуулах тухайгаа ярилцсан юм. Энэ үеэр Монгол Улсын түүхий эд боловсруулалтын өнөөгийн байдал болоод хөдөө аж ахуйн биржийн тухай голчлон хөндөж байсан.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аж үйлдвэрүүдэд нийлүүлэх, экспортод гаргах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн тоо болон  үнийг тогтоох зэрэг асуудлыг төрийн нэгдсэн төлөвлөгөөт бодлогоор зохицуулдаг байсан. Харин зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр “Ченж” хэмээн нэрлэгддэг хувь хүмүүс гарч ирж, одоо үеийн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгосон гэдэг. Дотоодын зах зээлд нийт түүхий эд арьс, ширний 78,5% нь эдгээр хүмүүсээр дамжин борлогддог байна. Харин улсын хэмжээнд 800 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байдаг ажээ.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгээс  цөөн асуултанд хариулт авлаа.

-Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн талаар төрөөс ямар бодлого баримталж байна вэ?

– Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан, “Монгол мал” хөтөлбөр, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-II, “Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр” , “Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” , Монгол улсыг үйлдвэржүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Үндсэндээ энэ талаарх эрх зүйн орчинг сайжруулах, түүнтэй уялдах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.

-Монгол улс жилд хэдий хэмжээний түүхий эд боловсруулж байгаа гэсэн үзүүлэлт байна вэ, одоогоор?

-Ерөнхийдөө хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гэхээр мах, арьс шир, ноос ноолуур багтаж байна. Сүүлийн таван жилийн дунджаар тооцож үзэхэд бэлтгэсэн түүхий эдийн үзүүлэлт илүү ойлгомжтой болно. Сүүлийн таван жилийн дунджаар ноолуур 5500 тонн,  ноос 20000 тонн,тэмээний ноос 1200 тонн, мах 188,5 тонныг бэлтгэсэн байна.

-Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийг илүү дэмжихийн тулд цаашид ноосны урамшуулал өгдөг шиг бусад түүхий эдэд урамшуулал өгч магадгүй гэж байгаа?
  

-Өнгөрсөн жил 21 аймгийн 231 сумын 32799 малчинд 9,8 тэрбумын төгрөгийг ноосны урамшуулал болгон олгосон. Энэ жил 30 дугаар тогтоолын дагуу арьс ширний, мах сүүний  урамшуулал олгохоор хэлэлцэж байна.

Түүхий эдийг электрон арилжаагаар худалдаална

Өнгөрсөн 2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах тухай хууль батлагдсан билээ. Энэ хүрээнд тэрхүү биржийг байгуулах тухай сургалтуудыг хийсээр байгаа аж. Хөдөө аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг өнөөг хүртэл малчдаас дамлан наймаалдаг ченж болон худалдаачид шууд авч  нийлүүлсээр байгаа тул үндсэндээ нэгдсэн эмх цэгцтэй худалдаж ирээгүй гэхэд болно. Тиймээс түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлэх замаар нийлүүлэгч болон худалдан авагчдад ойр дөхөм болгохын тулд бирж байгуулах хэрэгтэй хэмээн албаныхан үзэж байгаа юм. Уг биржтэй харилцахын тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид түүхий эд, бүтээгдэхүүнээ тоо ширхэгээр нь биржид бүртгүүлсэн байх ёстой аж. Харин худалдан авагчид  өөрт хэрэгцээт тоо ширхгээр биржээс худалдан авах боломж нээгдэх юм байна. Энэ худалдаа нь биржийн журмаар цахим орчинд явагдах бөгөөд брокер дилерийн компаниудыг хамрах аж. Ингэхдээ  тал талын оролцоо чухал гэдгийг онцолж байгаа гэнэ. Тухайлбал, брокер дилерийн компанийн асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо, биржийн өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөхөөр Монголын хөрөнгийн бирж, ерөнхий хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг шат шатны үүрэг оролцоо нь өөр байгууллагууд хамтрах ажээ.

 Биржийн талаар Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Ганболдоос тодрууллаа.

-Иргэдийн дунд “Биржийн салбарууд байж болох болов уу” гэсэн асуулт байгаа л даа?

-Түүхий эд боловсруулах энэ асуудал нь хөдөө орон нутгийн хөдөлмөрчдийг илүү хамрах болж байна. Тэгэхээр энэ биржийг хөдөө орон нутагт, баг сумдаар нэгж байгуулахаар биш, үүний оронд орон нутагт брокерийн компани, хоршоодыг байгуулах журмаар зохицуулна. Эдгээр компани, хоршоод нь биржид оролцож, худалдан авагч, нийлүүлэгчтэй өргөн харилцаа тогтоох боломжтой.

-Биржийг хэзээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Аливаа томоохон бүтээн байгуулалтын хөшүүрэг нь эрх зүйн орчин болоод байна. Өнгөрсөн зун баталсан Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийг ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх боломжтой. Харин энэ биржийн ач холбогдлыг тод томруунаар харж байна. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгох, малчдыг бэлтгэн нийлүүлэгчдийг арилжааны зах зээлд татан оруулах, түүхий эдийн бодит үнийг тогтоох, мөн ажлын байр нэмэгдэх сайн талууд байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж