АН-ын бүлэг долоон асуудлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг долоон асуудлыг хэлэлцлээ

Өнөөдрийн Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хэлэлцсэн эхний асуудал бол 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсвийн тодотголын тухай хуулийн төсөл байсан бөгөөд үүхдийн мөнгийг олгох талаар бүлгийн гишүүдээс тодорхой саналууд гаргалаа.
Гишүүдээс энэ хуулийн хамрах хүрээг хэрхэн нэмэгдүүлэх, хөрөнгө санхүүгийн эх  үүсвэрийг  хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой саналууд гаргаснаас, төсвийн зардалд байгаа хөрөнгө оруулалтын зарим хэсгийг хүүхдийн мөнгө олгоход хэрэглэж болох талаар санал байсан юм.
Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцүүлэх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцжээ.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийн саналыг сонссон бөгөөд бүлгийн зарчмын зөрүүтэй саналаар ажлын хэсгээр үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр боллоо.
Бүлгийн хурлаас Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай нэр бүхий гишүүдээс гаргасан төслийг буцаав. Уг тогтоолын төсөл хангалтгүй, лоозонгын чанартай, ямар нэгэн бодитой үр дүн гарахааргүй байна гэж үзжээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай Ерөнхийлөгчийн санаачлагыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь замбараагүй олгож байгаа тусгай зөвшөөрлийг цэгцлэх, олгох, хяналт тавих журмыг шинээр гаргах ажилд ихээхэн ач холбогдолтой гэж үзэн УИХ-аар дэмжих байх хэмээн найдаж буйгаа Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг илэрхийллээ.

Б.Энхмандах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж