Нэр бүхий 15 газрыг тусгай хамгаалалтад авна

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Нэр бүхий 15 газрыг тусгай хамгаалалтад авна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Дээрх тогтоолын төсөлд зааснаар Хар азаргын нуруу, Булган хангай уул, Хангал нуур, Их газрын чулуу зэрэг нэр бүхий 15 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар заагаад байгаа юм. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 24.6 сая га газар буюу 17 хувь улсын тусгай хамгаалтад орж ирэх гэнэ. Улмаар улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг 2025 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэнэ гэж үзэж байна. Хил залгаа хоёр хөршийн хувьд улсын тусгай хамгаалалтад байдаг газар нутгийнх нь хэмжээ одоо 17 хувь гэнэ. Түүнд Монгол Улс хүрч очих аж.

Аливаа газрыг улсын тусгай хамгаалалтад авах нь нэг талдаа сайн боловч, нөгөө талдаа асуудал үүсгэх талтайг гишүүд онцолж байв. Тухайлбал, аялал жуулчлалын бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь төлөх төлбөрийн хэмжээнээс нь эхлээд нэмэгддэг. Энэ нь орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэхээр ядаж цөхөж буй жижиг баазуудад хүндрэл учруулж мэдэх талтайг цаашид анхаарахыг гишүүд бас сануулсан юм.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд тус байнгын хорооны дарга ажлаа дүгнэж, байгаль орчныг хамгаалах чиглэлд УИХ-аас нэлээд дорвитой даацтай хууль, тогтоолууд батлагдан гарсныг сануулаад, гагцхүү хэрэгжүүлэх шатанд Засгийн газар анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг онцолсон. УИХ-ын төвшинд ажил болж хууль баталдаг, харин хэрэгжүүлэх шатанд ахиц гарахгүй бол хууль зөвхөн цаасан дээр л зурайж үлдэх болж байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй шүү гэсэн санааг ч мөн тодотгосноор тус байнгын хорооны хурал өндөрлөв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж