Өмгөөлөгч Д.Даваа энэ талаараа “Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс намайг Ч.Амарболдыг өмгөөлүүлэхээр томилсон байсан. Гэвч түүнд өмгөөлөл үзүүлэх боломжгүй тухайгаа Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Батсүхэд хандан өчигдөр хүсэлтээ хүргүүлсэн. Учир нь би 7 сарын 1-ний гэх хэргийн хохирогч Дорнод аймгийн иргэн н.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгчөөр ажиллаж, байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож байсан юм. Хэрэв би Ч.Амарболдыг өмгөөлвөл Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн 8.12-ын 2, 8.12-ын –дахь заалтуудыг зөрчиж байгаа гэсэн үг юм. Эрх зүйн үндэслэлгүй тул хүсэлт гаргасан болохоос биш ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллахаас татгалзсан зүйл байхгүй” хэмээн тайлбарласан байна.
Харин нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Батсүх энэ талаар “Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүн таслах ажиллагаа өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар тодорхой хугацаанд тасалдсан. Иймээс Өмгөөллийн тухай хуулийн 13.3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй бол өмгөөлөгч томилох хууль зүйн үндэслэл бий. Энэ тохиолдолд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл өмгөөлөгч томилох бүрэн эрхтэй. Үүний дагуу хурандаа нарт өмгөөлөгч томилсон. Өмгөөлөгч Д.Даваагийн хувьд өмгөөлөгчөөр ажиллах эрхзүйн үндэслэлгүй юм билээ. Тиймээс түүний хүсэлтийг бид хүлээн авсан. Бид өнөөдөр хуралдаж, Ч.Амарболдод шинээр өмгөөлөгч томилох гэж байна” гэлээ.
Харин Ч.Амарболдын гэргий Ш.Нарантуяагаас энэ асуудлыг тодруулахад, “Бидэнд өмгөөлөгч шинээр, автоматаар томиллоо гэж огт мэдэгдээгүй. Нэг ч хүн Ч.Амарболдтой ирж уулзаагүй байна. Хуулиндаа бол шүүгдэгч мөнгөний бололцоогүй, сэтгэцийн өвчтэй, тахир дутуу л биш бол өөрөө өмгөөлөгчөө сонгох эрхтэй байдаг. Бид хуулиа дагана. Одоогоор нөхөр маань элэгний нарийн шинжилгээнд орох гээд өмгөөлөгчийн талаар хөөцөлдөх, тэр талаар бодох ч сөхөө алга” гэсэн юм.
Тавдугаар сарын 1-нд шүүгдэгчид буюу цагдаагийн экс дарга нар МӨХ-ны 1000 өмгөөлөгчөөс гурав гурвыг болгоож уулзах хүсэлтээ гаргасан. Энэ сарын 11-нд бүгд өмгөөлөгчидтэйгээ уулзаж, ярилцсан боловч нэг ч өмгөөлөгч сонгоогүй. Тиймээс энэ удаагийн сонгогдсон өмгөөлөгчдийг хүлээн зөвшөөрнө гэдэг юу л бол. Ч.Амарболдын эхнэр ч энэ тухайгаа мэдэгдэж байна. Тиймээс 7 сарын 1-ний буруутанг олох шүүх хурал дахин сунжрах нь гарцаагүй болоод байна.