Инфляци 9,7 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Инфляци 9,7 хувьд хүрчээ

Улстөрчдийг айлгаж байдаг нэг үзүүлэлт болсон инфляци хоёр оронтой тоонд тун ойртжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээллийг танилцуулахдаа мэдээллээ. Дөрөвдүгээр сарын сүүлчийн мэдээгээр инфляци  9,7 хувьд хүрч, харин эдийн засгийн өсөлт 7,6 хувьтай гарчээ. Инфляци оны эхнээс сар тутам хоёр орчим хувиар нэмэгдэж иржээ. Ийн өсөх болсон гол шалтгаан нь хөдөө аж ахуйн салбарт тохиолдсон байгалийн гамшиг гэж статистикчид тайлбарлаж байна. Бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, хангамж, мөнгөний нийлүүлэлт, валютын ханш, хүн амын орлогын өсөлт зэрэг олон үзүүлэлтээр илэрхийлэгддэг инфляцийн өсөлтөд “Хүний хөгжлийн сан”-гаас олгож буй 70 мянган төгрөг нөлөөлсөн үү гэсэн асуултад Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хариулахдаа:
-Инфляцид хөдөө аж ахуйн салбарт гарсан хүндрэл голлон нөлөөлсөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 8,1 сая мал хорогдоод байгаагийн дээр төлийн тоо ч урьд онуудаас хоёр дахин цөөн байгаа. Үүнээс үүдэн махны үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс дунджаар 15 хувь өссөн нь хүмүүсийн худалдан авах чадварт шууд нөлөөлж байгаа. Бэлэн мөнгө тараах нь инфляцид нөлөөлөх нэг үзүүлэлт мөн боловч “Хүний хөгжлийн сан”-гаас олгож буй мөнгөний тухайд тодорхой үе шаттайгаар цувуулж өгч байгаа тул онцгой нөлөө үзүүлээгүй гэсэн хариултыг өгч байна.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж