Их, дээд сургуулиудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиудад шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу их, дээд сургуулийн ажиллагсдын цалин хөлсний тогтоолт, олголт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт, ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулсан байдал зэрэгт шалгалт хийсэн байна. Шалгалтад нийт 61 их, дээд сургууль хамрагдсанаас зарим ололттой талууд байсан ч зөрчил, дутагдал цөөнгүй илэрчээ. Тухайлбал, нийт 3301 багш ажилтнуудаас 1218 нь буюу 36,9 хувь нь нийгмийн даатгалын ямар нэгэн зөрчилтэй байсан аж.
Их, дээд сургуулиудад дараах зөрчлүүд илэрсэн байна.

  • “Монголын үндэсний дээд сургууль”, “Үндэсний биеийн тамирын дээд сургууль”, “Чингис хаан”, “Шихихутаг”, “Хэл иргэншлийн дээд сургууль”, “Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль”, “Ач” анагаах  ухааны  дээд  сургууль зэрэг олон газар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуулийн дагуу бүрэн тодорхойлоогүй, цалин хөлс орлогыг нуун дарагдуулах, эрдэм шинжилгээний ажлын зардал гэх мэт /тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажилд хамаарахгүй/ зүйлд тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс зайлсхийсэн
  • “Эдийн засаг, биенесийн дээд сургууль”, “Энэрэл”, “Улаанбаатар-Эрдэм дээд” сургуулиуд нь үйлчилгээний ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, “Ач”, “Мандах бүртгэл” “Монос” дээд сургууль нь байнгын ажлын байранд ажиллагсадтай “Ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан ажиллуулж байгаа нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, дэх заалтыг,
  • “Улаанбаатар эрдэм  судлал”, “Энэрэл”, “Зохиомж”, “Нийгмийн ухааны, “Эко Ази”, “Цэцээ гүн”, “Отгон тэнгэр”, “Их засаг”, “Тэнгэр”, “Технологи”, “Монгол”, “Дүрслэх урлаг”, “Хангай” зэрэг дээд сургуулиудаас бусад нь буюу нийт байгууллагын 75% нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан таслах комиссыг байгуулаагүй нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 126 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна. 
  • “Орхон” их сургууль, “Тэнгэр”, “Урлах эрдэм”, “Оточ маарамба”, “Засагт хан”, “Газарчин”, “Цэцээ гүн”, “Зохиомж”, “Ач”, “Мандах бүртгэл” “Монос” дээд сургуулиуд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогын шалтгааныг тогтоож акт, дүгнэлт гаргах, үүрэг бүхий орон тооны бус байнгын коимссыг байгуулж ажиллуулаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалтыг, 
  • “Оточ маарамба”, “Засагт хан”, “Зохиомж”, “Цэцээ гүн” дээд сургуулиуд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтыг гаргаж, гэрээ байгуулаагүй /нягтлан бодогч, нярав/ нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 /ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна/ дахь заалтыг хэрэгжүүлээгүй;
  • “Хангай”, “Их шавийн дээд” сургуулиуд нь цагийн багш нарт олгосон цалин хөлснөөс болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг, 
  • “Плехановын нэрэмжит ЭЗИС”, “Ач” дээд сургуулиуд заавал даатгалд хамрагдах хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэнийг нийгмийн даатгалд хамруулж, шимтгэл төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг 
  • “Шихихутаг” дээд сургууль нь улирлын байдлаар ажилладаг 3 үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу сар сард нь бүрэн  төлөөгүй, “Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль”, “Энэрэл”, “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуулиуд нь хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг бүрэн үнэн зөв тусгаж тохироогүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулах зорилгоор 50 заалттай хугацаатай 12 албан шаардлага өгч, зөрчил гаргасан 10 аж ахуйн нэгж байгууллагад 1760,8 мянган төгрөгийн, 2 албан тушаалтанд 190.4 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн 23 их, дээд сургуулийн 210 даатгуулагчтай холбоотой 520412,9 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэмж илрүүлж, нийгмийн даатгалын санд 113619,6  мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, алданги 33577,8 мянган төгрөгийг төсөвт, хөдөлмөр эрхлэлтийн санд 2212.9 мянган төгрөг  төвлөрүүлэхээр улсын байцаагчийн 62 заалт бүхий 17 акт тогтоосон байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дотоод хяналтын нэгж бий болгон ажиллах, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийн дагуу даатгуулагчдын нэрийн дансны мэдээлэх хуудсыг нийгмийн даатгалын байгууллагаас авч даатгуулагчдад тухай бүр өгч ажиллахыг нягтлан бодогч нарт үүрэг болгожээ.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж