Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо Баруун бүсийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ, үсчин гоо засалчдын холбооноос хамтран зохион байгуулсан бөгөөд Увс, Говь-Алтай, Завхан, Ховд баруун дөрвөн аймгийн 50 гаруй үсчид, гоо засалчид оролцож ур чадвараараа өрсөлдлөө.
Баруун бүсийн үсчин гоо засалчдын тэмцээнийг Ховд аймгийн ХХҮХ, НААҮ-ний Шим-Ус ХХК ивээн тэтгэжээ. Тэмцээнд Монголын үсчин гоо засалчдын холбооны төлөөлөгчид, МУ-ын мастер үсчид оролцож шүүн явуулсан бөгөөд тэмцээнд оролцогчдын ур чадвар өндөр байгааг хэлж байсан юм.
Үсчин гоо засалчдын тэмцээн үдшийн гоёл, эрэгтэй сонгомол, эрэгтэй, эмэгтэй стильтэй засалт гэсэн төрлөөр шагналт байрны эздийг тодруулсан. Тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй моделиор Ховд аймгийн оролцогчид шалгарч шилдгийн шилдэг үсчинээр Хөгжил политехник коллежийн багш Д.Мөнхцэцэг тодорлоо. Ийнхүү багийн дүнгээр хоёр алт, таван мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр Ховд аймаг бүсээсээ шалгарч үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж цом, өргөмжлөл, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг гардаж авлаа.