Өвөрхангай аймгийн Хархорин энэ жилийн улсын тэргүүний сумаар шалгарсан бөгөөд шагнал гардуулах ёслол өнгөрсөн даваа гарагт тус суманд боллоо. Шагнал гардуулах ёслолд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, Улаанбаатар хот дахь Өвөрхангай амйгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, тус аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэн болон албаны хүмүүс оролцсон байна. Энэ арга хэмжээнд Хархорин сумын үе үеийн Засаг дарга нар болон нутгийн иргэд оролцлоо. Мөн энэ үеэр тус сумын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан нь олон хүний сонирхлыг татсан аж. Хархориныхон улсын тэргүүний сум болсноо тэмдэглэж, баярын хурал, концерт зохион байгуулжээ. Шилдэг сумын шагналыг 100 сая төгрөг дагалддаг бөгөөд С.Чинзориг, Д.Нямжав нар Засгийн газрыг төлөөлөн уг шагналыг гардуулсан байна. Засгийн газрын тогтоолоор жил бүр шилдэг сум шалгаруулдаг аж. Энэ шалгуур нь тухайн сум нутгийн өөрөө удирдах ёсыг хэрхэн баримталсан, иргэдэд төрийн үйлчилгэгэ хэрхэн хүргэсэн, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөгжүүлэх талаар юу хийсэн, татварын орлогыг бүрдүүлэх талаар санаачлагатай ажилласан эсэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар бодитой үр дүнд хүрсэн эсэх зэрэг юм байна. Хархорин сум энэ бүх шалгуурыг хангасан учраас 2012 оны улсын тэргүүний сумаар шалгарсан байна.
Г.Аргуужин