![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль УИХ-аас батлагдан гарснаар холбогдох хуулиуд, тухайлбал, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, энэ тавдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. Тогтоол батлагдсанаар АТГ-ын чиг үүрэг, үйл ажиллагааг өмнөхөөс нь өргөжүүлж, албан хаагчдынх нь орон тооны дээд хязгаарыг 145-д хүргэн нэмэгдүүлж, үндсэн дөрвөн бүтцийг таван бүтэцтэй болгон тэлэхээр боллоо.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон АТГ-ын удирдлагад хандаж товч үг хэллээ. УИХ-ын дарга үгэндээ “АТГ-ын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг УИХ-ын тогтоолоор ийнхүү шинэчилж байгаа нь авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах боломж олгож байгаа тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлаа сайн зохион байгуулаарай. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сургалт, сурталчилгаа, семинарыг чанартай сайн зохион байгуулахад онцгой анхаарахгүй бол олон нийтийн дунд бүх асуудлыг АТГ хамж аваад байгаа мэт сэтгэгдэл төрж, төрийн албан хаагчид айн болгоомжлох байдлаар хүндрэл бэрхшээл гарч байгаа тул энэ ажлыг зөв талаас нь сайтар зохион байгуулах хэрэгтэй. АТГ бол айлгадаг байгууллага биш гэдгийг ойлгуулж, ач холбогдол багатай, ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг байгууллагууд дотооддоо шийддэг байхад анхаарах нь зүйтэй юм. Хуулиар эрх олгосон байгууллага гээд төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээр нь айлган сүрдүүлэх байдлаар авилгатай тэмцэх ажлыг зохион байгуулж болохгүй шүү” хэмээж байв.
Төслийг байнгын хороодоор хэлэлцэх явцад Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарын гишүүд “Сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Уг хуулийг гүйцэд уншаагүй, түүний зорилго, мөн чанарыг бүрэн ухаараагүй, яг ямар заалт нь ойлгомжгүй, амьдралд нийцэхгүй байгааг хэлж мэдэхгүй атлаа төрийн албаныханд гэм халтай хууль мэтээр хий айж сүрдсэн сөрөг суртал нэвтрүүлэг төрийн албаныхны дунд газар авч, хуулийг хүчгүйдүүлж байгааг тэд анхааруулаад хуулийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатайг сануулж байв. Хууль хэрэгжүүлэн сахиулах, сурталчлан таниулах үүрэг бүхий төрийн албан тушаалтнууд хуулийг өөрийнхөөрөө нугалан тайлбарлаж, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлж, тааламжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, шударгаар ажиллахад нь тус дэм болохын оронд мөрдлөг, сүрдүүлэг мэтийн цагдаагийн арга барил ашиглах аюултай хууль гарсан мэтээр хуулийн уг зорилгыг айдас болгож байгаа тул АТГ-ын соён гэгээрүүлэх алба чиг үүргийнхээ дагуу УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодтой хамтарч хууль, тогтоолыг сурталчлан таниулах сургалт семинар зохион байгуулахын чухлыг гишүүд анхааруулсны дээр хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ ч өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хэлж байв.