Ангараг хүрэх 520 хоногийн аялал

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Ангараг хүрэх 520 хоногийн аялал

ОХУ-ын гурав, Европын хоёр, Хятадын нэг сайн дурын нисэгчид Ангараг гариг руу нисэх, буцаж ирэх бэлтгэл хангахаар 520 хоногийн туршилтад хамрагдана.
Энэ тавдугаар сарын эцэс, зургадугаар сарын эхээр Москва хотын нэгэн эрдэм шинжилгээний төвд сансар орчинд аялах хөлгийг дуурайлган хийсэн 180 ам дөрвөлжин метр талбай бүхий тусгай загварт дээрх зургаан иргэн сайн дурын үндсэн дээр 520 хоног байгалийн гэрэл гэгээгүй нөхцөлд байх юм.
Ангараг гариг руу аялах хугацаа хэдэн арван жилээр ойртож буй энэ үед бодож бэлтгэх зүйл их байгаа ажээ. Улаан нүдэн гаригт хүрэлцэн очиход 250 хоног, гаригийн гадаргуу дээр буугаад 30 хоног ажиллаад, 240 хоног буцах аялалдаа зарцуулах тооцоо гарч байгаа юм байна.
Европын сансар судлалын агентлагтай хамтран туршилтыг зохион байгуулж буй ОХУ-ын Анагаах ухаан, Биологийн Хүрээлэнгийн төсөл хариуцагч Александр Суворов “Хамгийн сэтгэл түгшээсэн асуудал бол сэтгэл санааны хувьд тусгаарлагдмал орчинд байх асуудал юм” гэж тэмдэглэн хэлжээ.
2009 онд иймэрхүү төрлийн туршилтыг сансрын хөлөг дуурайлган хийсэн  тусгай загварт сайн дураараа хүсэлт гаргасан зургаан хүнийг 105 хоног байлгаж, анхны туршилтаа хийсэн байна. Суворов “Туршилтад хамрагдсан хүмүүс хоорондын харилцаа үргэлж эв дүйгээ олсон, өө сэвгүй байна гэх аргагүй юм. Зарим нь хоорондоо учир зүйгээ олоод болж байхад нөгөө хэсэг нь тийм байж чадахгүй байх жишээтэй. Гэхдээ хамгийн гол зүйл бол байдал хэдий ийм байсан ч ноогдсон үүрэг даалгавраа биелүүлж чадах чадвартай байх ёстой юм” гэж дурдсан байна.
Одоогийн сонгон шалгаруулалтаар авсан зургаан сайн дурынхныг урьдчилсан дасгал сургуулилт, туршилтад эрчимтэй хамруулан оролцуулсан байна.
Эхний 250 хоногийн туршилтын дараа тэдгээрийн гурав нь тусгай өрөөнд байрлаж, Ангараг гаригийн гадаргуу дээгүүр явах загварыг дуурайлган хийсэн байранд шилжин байрлах ажээ.
Туршилтад оролцохоор нэр нь дэвшээд байгаа Францын 32 настай инженер Ромайн Шарль адал явдал мөрөөдөж, шинэ хил хязгаарыг хүсч байгаа боловч, эх дэлхий дээрээ сурч дассан зан заншлаасаа 520 хоног холдоно гэдэгтээ айдас нь төрж байгаа ажээ. Тэр “Холын зайнаас болж, өөрийн гэр бүл, найз бүсгүйтэйгээ холбоо барьж чадахгүйд хүрнэ. Тэгээд бас нар үзэхгүй, шинэ агаараар ч амьсгалахгүй байна. Сансрын загварт цонх гэж байдаггүй юм байна” гэж ярьжээ.
Туршилтад хамрагдах зургаан хүний цагийн хуваарийг найман цаг унтах, найман цаг ажиллах, найман цаг амраахаар төлөвлөж байна. Тэд чөлөөт цагаа зураг үзэх, видео харах, цахилгаан ном уншиж өнгөрөөх ажээ.
Энэ хугацаанд туршилтад оролцогчид хүний сэтгэл зүй, биеийн байдал, эрүүл мэндийн талаар ямар өөрчлөлт орж буйг судлах 105 туршилтад хамрагдана. Францад суурьшсан Бельги улсын иргэн 28 настай инженер Ж.Клеверс сансар огторгуйн уудмыг эзэмдэх асуудал түүний багын мөрөөдөл байсан гээд “Миний багын хүсэл мөрөөдөл байсан гэдэг нь тодорхой. Иймэрхүү төрлийн том туршилтууд нь хүн төрөлхтөнийг сансрын уудам руу нэг алхмаар ч гэсэн урагшлуулна” гэжээ.
Дэвшлийн төлөө ийм ялалт байгуулахаар зориглох нь хүн олон юманд биеэ золиослох, түүний дотор хоол хүнсний хувьд ч гэсэн Олон улсын сансрын станцын нэгэн адил байх юм.
“Аялагчид” хатуу дүрэм журмыг дагаж хэрэгжүүлэх юм. Ангараг гариг руу нисч буй сансрын хөлөгт замаас нь хүнс тэжээл, нэмэлт хангамж  нийлүүлнэ гэдэг ойлгот байхгүй тул  тэд 10 хоногт нэг удаа усанд орох, гурав хоноод дотуур өмдөө солих боломжтой ажээ.
Европын сансрын агентлагийн мэдээлснээр энэхүү туршилт нь Ангараг гаригт хүрээд эх дэлхийдээ эргэн ирэхтэй яг адилхан зүйл болох бөгөөд ялгаатай нь сансрын хөлөг үнэхээрийн тэнд очоод дэлхийд буцаж ирсэн шиг алдар гавьяа, сэтгэгдэл бодитойгоор төрүүлж чадахгүйд оршиж байгаа юм гэжээ.

Эх сурвалж: AFP/Elice Menand/
Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж