– Ж.Энхбаяр сайдыг огцруулах санал хүргүүлсний дараа Засгийн газарт асуулга хүргүүлсэн. Засгийн газар ямар хариу ирүүлэв?
-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нь байнгын хороонд мэдээлэл өгөхдөө хоёр зүйлээр улсын нууц задруулсан байж болзошгүй хэмээн миний бие Засгийн газарт асуулга хүргүүлсэн юм. Үүний нэг нь тус яамнаас мэргэн буучдыг ямар ангид, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар болсон тухай асуудал нөгөө нь энэ мэргэн буучдыг бэлтгэхийн тулд АНУ-тай хамтран зохион байгуулж байгаа гэх мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар олон нийтэд ил ярьсан байгаа юм. Энэ асуудал нь улсын нууц задруулсан эсэх талаар УИХ-ын хуулийн дагуу Ерөнхий сайд, Засгийн газарт асуулга хүргүүлсэн. Үүний хариуг Засгийн газар болон Тагнуулын ерөнхий газар, АНУ-аас мөн хариуг нь ирүүлсэн.
-Засгийн газар, Ерөнхий сайд болон холбогдох албанаас өгсөн асуулгын хариу нь тэгээд улсын нууц задруулсан гэж үзсэн үү, эсвэл?
-Үүнд АНУ-тай хамтран ажиллах үйл ажиллагаа явуулаагүй. Мэргэн буучдыг бэлтгэхэд хамтран ажиллах талаар хэлэлцээр болон ямар нэг үйл ажиллагаа эхлээгүй гэж байгаа юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс АНУ-ын элчин сайдын яаманд хүсэлт гаргаж “Хоёр улсын батлан хамгаалахын салбарт мэргэн бууч бэлтгэх хамтран ажиллах үйл ажиллагаа явуулсан эсэх” талаар хүсэлтийг гаргасан байсан. Харин АНУ-аас ирүүлсэн бичигт “АНУ нь Монгол Улстай мэргэн бууч бэлтгэх талаар хамтран ажилласан болон хамтран ажиллах гэж байгаа асуудал байхгүй. Харин ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм зүйл удаа дараа гарсанд харамсч байна” гэсэн тайлбар бүхийн бичгийг ирүүлсэн. Тиймээс Ж.Энхбаяр өөрийг нь огцруулах асуудал яригдаад эхлэнгүүт өөрийгөө хамгаалах зорилгоор байнгын хорооны хуралдаанд худал мэдээлэл өгсөн байгаа юм. Энэ бол Засгийн газрын гишүүний хувьд хамгийн том хариуцлагагүй үйлдэл. Улсын нууц задруулаагүй, харин АНУ-ын нэр хүндийг ашиглан худал ярьсан байна гэдэг нь тогтоогдсон.
-Жанжин штабын болон мэргэн буучид бэлтгэх асуудлын хувьд?
-Жанжин штабын асуудал нууцын зэрэглэлэд орох ёстой эсэсхийг мөн тодруулахад Засгийн газар,Тагнуулын газараас “Жанжин штабаас гаргасан мэргэн бууч бэлтгэх сургалтын талаарх мэдээлэл нь байгууллагын нууцад хамаарах асуудал байна” гэсэн. Гэтэл байгууллагын нууцад хамаарах зүйлийг жанжин штабын дарга нь тушаал гаргаж, тамга дарж баталгаажуулах ёстой. Ийм тамга дарж, баталгаажуулаагүй материалыг Батлан амгаалахын сайд Ж.Энхбаяр ил гаргаж ярьсан гэж байгаа юм байна. Энэ бүхэн нь Засгийн газрын зүгээс нууцлалтай байх, нууцын зэрэглэлтэй байх материалыг тамга дарж, баталгаажуулаагүй. Түүнийг нь Засгийн газрын гишүүн ил болгосон гэж мэлзэж гишүүнээ авч үлдэх гэсэн арга гэж бодож байна.
-Засгийн газрын гишүүн худал мэдээлэл өгсөн, нууц задруулсан ч тэрээр үүрэгт ажлаа хийсээр байх болно гэсэн үг үү. Хуулийн дагуу ямар нэг арга хэмжээ авах зүйл байдаг уу?
-Засгийн газар ийм л хариуцлагагүй ажиллаж байна. Засгийн газрын гишүүн нь байгууллагынхаа нууц асуудал, аль нь ил байх, аль нь нууц байх зэргээ мэдэхгүй л явж байна шүү дээ. Хариуцлага гэдэг уланд гишгэгдсэн байна. Өөр улсын парламент дээр Засгийн газрын гишүүн тангараг өргөж мэдээлэл өгдөг. Хэрэв худал мэдээлэл өгвөл огцорч, бүр эрүүгийн хариуцлага хүлээдэг. Харин Монголд энэ бүхэн алга. Тиймээс цаашид бид Улсын нууцыг хамгаалах болон нууцын зэрэглэл ямар байх ёстой, байгууллагын нууцын талаар гэх мэт суудлыг анхаарах хэрэгтэй юм байна гэсэн ойлголт л асуулгын хариуд ирсэн байна. Төрийн нууц задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг заалт бий. Гэтэл Ж.Энхбаярын энэ асуудал дээр болохоор байгууллагын нууцад хамааруулан ямар нэг хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа юм. Сайд нь байгууллагынхаа нууцыг мэдэхгүй байна гэдэг хамгийн том хариуцлагагүй байдал шүү дээ.