
ОХУ-ын Татар улсын нийслэл Казаньд 2013 онд болох дэлхийн оюутны зуны “Универсиад” наадмын хөтөлбөрт чөлөөт, сонгомол бөхийн барилдаан албан ёсорр багтлаа. Саяхан ОХУ-ын Саранск хотод болсон сонгомол бөхийн Дэлхийн цомын үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны ерөнхийлөгч Рафаэль Мартинетти, “Казань-2013” наадмын ерөнхий захирал Владимир Леонов, Оросын бөхийн төрлүүдийн холбооны удирдлага уулзалт хийж, гэрээнд гарын үсэг зуржээ. Эдгээр байгууллагын анхны уулзалт 2009 онд Москва хотод болж “Универсиад” наадмын хөтөлбөрт бөхийн төрлийг багтаах нэгдмэл байр сууринд хүрсэн. 400 гаруй бөхийн байр, хоол, тээвэрлэлт гээд олон асуудлаар бараг хоёр жил гаруй хэлэлцээ хийж, эцсийн шийдвэрт хүрсэн нь энэ юм. “Казань-2013”-т сонгомол, чөлөөт бөхөөс гадна татар үндэстний бүстэй барилдааны төрөл багтсан юм.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин