
Эрүүл мэнд гэдэг хувь хүний асуудал мөн боловч улс орны хувь заяанд ч маш чухал үүрэгтэй юм байна. Тухайн хувь хүн албан тушаалтай, авдаг цалин ахиутай, төрийн хайр ивээлийг хүртэж явах үедээ бие гаргуунд нь гаргаж, өвчин туссанаа ч мэдэхгүй зүтгэдэг байна. Харин албан тушаалдаа хайнга хандаж, санамсаргүй алдаа гаргаж, үүрэгт ажилдаа хариуцлагаггүй хандаж, хуулийн өмнө, шүүхийн өмнө очсон хойноо эрүүл мэндээ муудсаныг мэдэж, эмнэлгийн байгууллагыг сонгодог байна. Энэ бол маш муу жишиг. Тиймээс цагдаагийн болон хүчний байгууллагын удирдлагыг томилохдоо та үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд хуулийн өмнө, шүүхийн өмнө очоод хариуцлага хүлээх чадвартай юу гэдэгт хариулт авч, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол ажил авахдаа эрүүл байх мөртлөө, алдаа гаргаад ирэхээрээ өвчтэй болдог байж болохгүй биз дээ. Тиймээс хувь хүний эрүүл мэндэд ялангуяа удирдах албан тушаалтны эрүүл мэндэд төрөөс анхаарч, үзлэгт хамруулж байх шаардлагатай байна. Саяхан Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл хуралдаж, цагдаагийн экс удирдлагуудад өмгөөлөгч томилсон билээ. Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилсон. Мөн хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Д.Давааг томилсон байгаа. Өмгөөлөгчид томилогдонгуут хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд хүндрэл гарахгүй бол ирэх сарын эхээр дээрх хэргийн шүүх хурал болж, асуудлыг нэг талд нь шийдэх гэнэ. Гэвч цагдаагийн экс удирдлагуудын биеийн байдал өдөр ирэх тусам дордож, биеийн байдал хэт муудаж, өдөр ирэх тусам шинээр өвчин илэрч байгаа нь байдлыг улам хурцатгаж, шүүх хурлын товыг сонгууль өнгөрөөхөөс өөр гарцгүй хийж мэдэхээр байна. Зарим нэг экс удирдлага босч явж чадахаа больсон бөгөөд хэвтрийн дэглэм сонгууль өнгөртөл сахих шаардлагатай болсон ч гэх сураг байна. МАН-ын зүгээс тухайн хүнд өвчний онош тогтоосон бол яах аргагүй түүгээр нь болдог учир тийм байхаас ч өөр гарц байхгүй, эмчлэгч эмч нараас илүү нарийн оношийг МАН тавьдаг гэсэн яриа ч байна.
Ер нь ингэхэд МАН-ын онош өнөөдөр улс төрд хамгийн сайн онош байдаг гэнэ. Тухайн намын зүгээс өөрийн өмгөөлөлд багтсан хүмүүст тавьсан онош өмгөөлөхөөс өөр аргагүй, хурц хэлбэртэй байдаг бол МАН-ын эсрэг хүмүүст тавьсан онош өвчтэй байсан ч эрүүл, хэвтэрт байсан ч босч явах шаардлагатай, өөрөөр хэлбэл тухайн хүний баашилсан учир заавал шүүлтүүрээр орох ёстой гэж шахдаг гэх. МАН-ын эсрэг арван хоног өлсгөлөн зарласан хүнийг ахиад арав хоног тэснэ ээ, гүрий, чи үхэхгүй ээ, тэгж байгаад болих биз, эрүүл мэнд нь муудлаа гэхэд өөрөө хүсээд муутгаж байгаа юм аа гэдэг бол өөрийн хүмүүсийг өлсгөлөн зарласан тохиолдолд өр нь өвдөж, намын үйл хэргийг нийтээр нь тэр зүгт хандуулдаг өрөвчхөн хандлагыг нийгэмд түгээдэг ийм л нам.
Тэгэхээр тус намын ивээлд орогсод ирэх сарын эхээр шүүх хурлаар орно гэдэг юу л бол. Ялангуяа сонгууль дөхсөн үеэр бол бүүр ч үнэмшил муутай. Уг нь бол энэ намаас Монголын шүүх байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулж, нийгэмд хуулийг сахиулах үүрэг хүлээдэг. Үүнийхээ төлөө ч тэд тэмцсээр ирсэн. Ард түмэн ч тэдний тэмцлийг дэмжиж байна. Шүүх байгууллагын хараат бус байдлыг нийгэмд тогтоож чадснаар хэн хожих ард түмэн. Энэ хожлийнхоо төлөө ард түмэн тэмцсээр байх бөгөөд шүүх байгууллагын хараат бус байдлыг хангахын төлөө тэмцэл нь ардчилалыг аврахын төлөөх тэмцлийн нэг хэсэг юм. Хүн гавьяа шагналыг нь хүртэж, эрх ямбыг нь эдэлж, албан тушаалыг нь хашиж байсан бол эргээд хариуцлага алдсан буруугаа хүлээж сурах ёстой. Энэ бол өөрөө ардчилсан нийгмийн гол тулгуур зарчим болж нийгэмд үйлчлэх ёстой. Түүнээс бус нэг намын өмгөөлөлд багтаж, албан тушаалд томилогдож, намын жанжин шугамыг ажилдаа хэрэгжүүлж, дараа нь алдаа гаргаад нам минь авар гэж өршөөл эрэх нь хуулийг ч, шүүх байгууллагыг ч, нийгмийг ч бохирдуулдаг юм байна.
Шударга үнэн, хууль алагчилалгүйгээр нийгэмд хэрэгжиж эхэлснээр сая ардчилал хөгжинө, бэхжинэ. Үүнийг ард түмэн хорин жил хүлээсэн. Ардчилалыг бэхжүүлэхийн төлөө, сонгох, сонгогдох эрх чөлөөгөө эдлэхийн төлөө тэмцэж, цагдаагийн экс удирдлагуудын буруутай болон эс буруутай үйлдлийн улмаас дөрвийн дөрвөн иргэнийхээ амь насыг алдсан. Ахиад алдахгүйн төлөө энэ хэргийг шударгаар шүүх ёстой. Тэгж гэмээнэ ардчилал бидэнд ирэх болно.