Надаль Ромын мастеруудын тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Надаль Ромын мастеруудын тэмцээнд түрүүллээ

Ромын мастеруудын шигшээ тоглолтод Испанийн Рафаэль Надаль дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 7:5, 6:4-ээр буулган авч тус тэмцээний зургаа дахь цомоо хүртлээ. 2005 оноос хойш Надаль, Жокович нар тасралтгүй түрүү булаалдаж байсан бөгөөд хамгийн сүүлд буу өнгөрсөн жилийн тэмцээнд Жокович 6:4, 6:4 харьцаатай илүүрхэж байжээ.

Шороон талбайн мастер гэгдэх Надаль ийнхүү Ромын мастеруудын тэмцээнд түрүүлснээр Швейцарийн Рожер Федерерээс дэлхийн чансааны хоёрдугаар байраа буцаан авч байгаа юм. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан Надаль “Их дуулга”-д арвантаа түрүүлэхдээ “Роллан Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээнд зургаан удаа түрүүлж байжээ.

Харин дэлхийн тэргүүн теннисчин, “Их дуулга”-ын таван түрүүтэй, Сербийн теннисчин Новак Жокович өнөөдөр 25 нас /1987.05.22/ хүрч байгаа аж. 2011 оны долдугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр дөрвөн наснаасаа эхлэн теннис тоглож эхэлжээ. Тэрбээр 12 настайдаа Германы теннисний академид элсэн орж, улмаар хоёр жилийн дараа Европын АШТ-ий өсвөр насны ангилалд түрүүлсэн нь ирээдүйн аваргын эхлэл байлаа.

Федерер, Надаль нарын өрсөлдөөн өрнөх үед 2007 оны хавар анх удаа дэлхийн чансаанд эхний аравт багтсан Жокович тэр жилийнхээ “Мастерс”-т анх удаа түрүүлж, түүхэн ялалтын эхлэлээ тавьжээ. Жокович /3/ 2008 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ийн шигшээд Францын Жо-Уилфред Цонгаг 4:6, 6:4, 6:3, 7:6 –аар буулган авч анхны “Их дуулга”-аа хүртсэн байна. Тухайн тэмцээнд Францын Цонга шигшээд шалгарсан нь тэмцээний улам сонирхолтой болгож байсныг теннис сонирхогчид илүүтэй санаж байгаа.

Жокович 2011 онд дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь түрүүлж (Францын нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүй билээ) тухайн жилдээ Олон улсын теннисний холбооны 2011 оны шилдэг теннисчний шагналыг хүртсэн бөгөөд нийт 36 тэрбумыг тэмцээний шагналаас хүртсэн байна.

2012 он гарсаар Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Их дуулга”-ын цувралд тав дахиа түрүүлсэн тэрбээр он гарсаар уралдаан, тэмцээнээс нийт дөрвөн сая ам.долларын мөнгөн шагнал хүртжээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж