Америкийн зохиолч, сэтгэлгээний бүтээлүүдээрээ алдартай Айн Рэндийн нэгэн жүжиг энэ сарын 25-нд Р.Чойномын нэрэмжит “Од” театрт нээлтээ хийх гэж байна. “Төгс” нэртэй уг жүжгийг төрийн соёрхолт, УГЖ Д.Сосорбарам найруулан, UBS телевизийн “To be or not to be” театрчилсан реалити шоуны шилдэг оролцогчид тоглож байна. Харин жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулжээ.
Өнгөрсөн жилийн яг өдийд Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг Д.Сосорбарам “Х түц” продакшны уран бүтээлчидтэй хамтран тайзнаа амилуулсан бөгөөд хоёр долоо хоног “Од” театрын танхим дүүрэн үзэгчидтэй байсан билээ.
“Төгс” жүжгийг Айн Рэнд 1934 онд, тухайлбал энэ дэлхийн амьдралд хязгааргүй ихээр гутран гуниглаж байх үедээ бичсэн гэдэг. Эхлээд бэсрэг роман байгаад хожмоо жүжиг болгон шинэчилсэн уг бүтээлээ тайзнаа тоглогдохыг зохиолч нь харж амжаагүй аж. Тэрбээр нэгэн сэтгүүлд ийнхүү бичжээ.
“Хүн төрөлхтөнд хүрсэн хамгийн аймшигтай хараал бол төгс хүн,төгс зүйлийг хийсвэр мэт болгон ойлгож өдөр тутмын амьдралаасаа дэндүү хол салгаж тавьж чаддаг чадвар. Амьдрах, бодох гэдэг хоёр өөр зүйлс. Энэ бүхэн хэтэрхий хашир, муу санаатай хүмүүс болоод худлаа дүр эсгэгчдэд гэхээсээ ямар ч мөрөөдөлгүй хүмүүст илүү хамаатай. Учир нь тэд илүү аюултай. Зөвхөн өөртэйгээ, өөрийнхөө дотор амьдардаг тэр хүмүүс үзэл бодол, амьдрал хоёрынхоо дундуур өндрөөс өндөр хана хэрэм босгосон тэр хүмүүс. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө үзэл бодолтой, хүсэл мөрөөдөлтэй гэж бодсоор, итгэсээр байгаа тэр хүмүүс. Тэдэн шиг хүмүүст тэдний хайрлаж, биширдэг зүйлс нь ч, өөрийнх нь бодит амьдрал нь ч адилхан үнэ цэнэгүй”
Дэлгэцийн агуу од, туйлын үзэсгэлэнтэй бүсгүй Кэй Гонда хэмээх жүжигчний тухай уг жүжигт өгүүлэх юм байна.