“Нийгмийн сүлжээ” киноны оскарын шагналт зохиогч Стив Жобсын амьдрал намтрыг барьж авахаар боллоо гэж Sony Pictures Entertainment мэдээллээ.
Кино зохиолч Аарон Соркин сэтгүүлч Уолтер Айзексоны бичсэн Apple-ийг үүсгэн байгуулагчийн намтрыг кино зохиол болгох юм. Айзексоны намтар Жобсыг нас барсны дараа дэндүү хэтэрсэн их хувиар борлогдож байсан билээ.
Sony Pictures-ийн удирдагчдын нэг Эми Паскал Стив Жобсын туулсан амьдрал бол тун өвөрмөц гэж онцолж байна. Энэ хүн манай цаг үеийн төдийгүй нийт хүн төрөлхтний түүхийн хувьд хамгийн нөлөө бүхий, хувьсгалч хүний нэг гэж тэрээр дүгнэжээ. Тэгэхээр, түүний бодлоор, өнөөдөр Холливудад ажиллаж байгаа зохиолчдын хэн нь ч ийм ер бусын амьдралыг дэлгэцэнд буулгаж чадахгүй юм байна. Шинэ кино яг л Жобсын адилаар “сэтгэл татам, хөгжилтэй бас зөрчилтэй” байх юм байна.
Төслийн продюсерээр ажиллах зөвшөөрлөө Марк Гордон (“Цэрэг Райныг авар”, “Хурд”), Скотт Рудин (“Труманы шоу”, “Нийгмийн сүлжээ”), мөн олны танил бус Гаймон Кесседи нар өгөөд байна. Киног Columbia Pictures бүтээх бололтой.
Ноён Айзексоны “Стив Жобс” нэртэй ном хэвлэгдээд жил болоогүй ч хоёр сая гаруй хувь борлогдсон билээ. Энэ ном мөн Amazon интернет дэлгүүрийн бүхий л түүхийн гол бестселлэр болсон юм.
Соркин харин Гарвардын Их Сургуулийн оюутны байранд ирээдүйн Facebook дээр ажиллаж байгаа Марк Цукербергийн талаар өгүүлдэг “Нийгмийн сүлжээ” блокбастерын зориулан зохицолдуулсан (Adapted Screenplay) кино зохиолоороо Оскарын шагнал хүртсэн билээ. Зохиолчийн бусад ажлаас дурдвал “Хэдэн сайн залуу” (Том Круз, Жек Николс, 1992), “Бүгдийг өөрчилсөн хүн” (Брэд Питт, Робин Райт, 2011) зэрэг бүтээл байна. Тэрээр мөн сенатор Жон Эдвардсын улс төрчийн намтрын төгсгөлийн тухай өгүүлсэн Эндрю Янгийн “Улс төрч” номын зохицолдуулан зохиох эрхийг авсан бөгөөд гэхдээ эхлээд “Стив Жобс”-ыг нухна гэж Sony-гийнхон онцолж байна.
Энэ бол манай цаг үеийн хамгийн алдартай хүмүүсийн нэгнийх нь дүрийг дэлгэцэнд буулгах гэсэн цорын ганц оролдлого биш юм. Саяхан “Жобс” хэмээх томруун нэртэй бие даасан кинонд Стивийн дүрд Эштон Катчер тоглох тухай зарласан билээ. Энэ бүтээлд зүгээр л нэг дураараа хиппи байх үеэс нь авахуулаад их багшийн бүхий л амьдралын харгуйг хамж үзүүлнэ гэж амлацгааж байгаа юм. Киног Мэтт Уитлигийн зохиолоор Жошуа Майкл Штерн гэгч хийх юм байна.
Зураг авалт тун удахгүй эхлэх бөгөөд харин агуу Катчер “Хоёр хагас эр хүн” хит цувралынхаа дараа түр амсхийгээд байгаа юм.
Эх сурвалж: Франс Пресс