баялгийн их өлгий, Оюутолгой, Тавантолгой гээд Монголын хөгжлийг
тодорхойлогч их ордуудын нутаг, цаашлаад Говийн ноён хутагтын нээн
илрүүлсэн Дэлхийн энергийн төв Дэмчигийн хийд гээд яриад байвал арвин
цадигтай Өмнийн говьд УИХ-ын энэ удаагийн сонгуульд ганцхан мандат
ногдоод байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн улс гэсэн Монголын
хуучин тодотголыг хэдхэн жилийн дотор уул уурхайн арвин баялаг,
ирээдүйтэй орон болгон өөрчилж дэлхийн “хөрөнгөтнүүд”-ийг нааш татсан,
ирээдүйн “Гандирс”-ын их хотууд сүндэрлэх энэ тойрог хүн ам цөөтэй
гэдгээрээ ийнхүү хоёр мандатаа ганц болгон тануулаад буй.
Монголдоо
нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дээгүүрт ордог ч уул уурхай сураггүй
байхад “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэсэн
бичигдээгүй “зарчим”-ыг мөрдөн хүн ам төдийлөн суурьшдаггүй байснаас
хамгийн цөөн хүн амтай аймаг болж үлдсэн юм. Харин олон толгойн баялаг
эргэлтэд орж эхэлж буй энэ цагт тийш шилжих хүний тоо тасралтгүй өссөөр
байна. Ирэх зуны сонгуулиар бүрдэх УИХ-ын бүрэн эрх өндөрлөх дөрвөн
жилийн дараа хүн амын тоогоороо дээгүүрт давхих төлөв бүхий энэ аймаг
ямар боловч ганц морь сойх эрхийг энэ удаа аваад байна.
Өмнөх
сонгуулиудыг харахад, Өмнөговийнхон ардчилагчид, МАН-ынхныг дан дангаар
нь, эсвэл хольж гаргаж байв. УИХ-ын 1992 оны сонгуулиар МАХН, 1996 оны
сонгуулиар АН, 2000 оны сонгуулиар МАХН, 2004 оны сонгуулиар АН, 2008
оны сонгуулиар АН, МАХН-аас нэг нэг гишүүн гаргаж байснаас үүнийг харж
болно. Өдгөө УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших нь тодорхой байгаа
Ц.Баярсайхан гэхэд 1996, 2004, 2008 оны сонгуульд Өмнөговиос ялалт
байгуулж байлаа. Өмнийн говийн ардчиллын лидер, 1990-ээд оны эхнээс
аймгийн Засаг даргын орлогч байсан түүнд өмнөговьчууд ихээхэн итгэл
найдвар тавьж, болж өгвөл буухиа тасалчихалгүй сонгохыг хичээдэг.
Ардчилагчид 2000 онд ганцхан суудалтай хоцроход л аргагүй нэг удаа
завсарласан Өмнөговийн дархан түшээ гэвэл Ц.Баярсайхан юм. Түүнийг энэ
удаа АН ганц тойрог дээрээ сойхоор ярилцжээ. Түүнтэй “замен” болох хүн
гэвэл “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ. УИХ-д 2004-2008 онд Ц.Баярсайхан
гишүүний хамт Өмнөговийг төлөөлж байсан түүнийг нутгийнхан нь 2008 оны
сонгуулиар МАХН /МАН/-ын төлөөлөл Х.Бадамсүрэн гишүүнээр сольчихсон юм.
Бизнесийн хүн бизнесээ хийсэн нь дээр гэж нутгийнхан нь бодсон бололтой.
Нутгийнхандаа орон нутгийн хишиг хэмээн хэдэн жилийн өмнөөс Эх орны
“бичил” хувь тарааж эхэлсэн гэх тэрбээр АН-ын нөөц хөзөр болон дуулдаж
буй. Хэрэв говийн дархан түшээ Ц.Баярсайханыг намын листээр гаргана
гэвэл “Ажнай” Д.Бат-Эрдэнэ АН-аас орж ирэх боломжтой.
МАН-ын
хувьд одоогийн гишүүн Х.Бадамсүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор
нарын нэгийг дэвшүүлэхээр ярилцжээ. Х.Бадамсүрэн гишүүний хувьд уул
уурхайн чиглэлийн мэргэжилтэй, Бор-Өндөрт уурхай даргалж байсан эрхэм.
Өнгөрсөн дөрвөн жилд гай тариагүй, гавьяа байгуулаагүй гэгчээр тэхий
дундыг барин явж ирсэн.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорын
хувьд 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан. Улсын дээд шүүхийн шүүгч,
УИХ-ын Тамгын газрын зөвлөх, М.Энхболдын Их эвслийн Засгийн газарт
Ерөнхий сайдын зөвлөх, С.Баярын Засгийн газарт Монгол Улсын Төрийн сайд,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, С.Батболдын Засгийн газарт
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй толгой сайн хуульчдын нэгд
тооцогддог эмэгтэй. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд бүгдэд нь
ажиллаж үзсэн цорын ганц эмэгтэй улстөрч гэж түүнийг үздэг.
Бүр
2000-2004 онд гишүүн байхдаа говийн хөрсөн дорх ашигт малтмалын арвин
баялгийг эргэлтэд оруулна гэдгийг тооцож, нам нэгт УИХ-ын гишүүн асан
Ц.Оюунбаатартай хамтран говь руу төмөр зам тавих саналыг анхлан гаргаж
алсыг харж байсан юм. Жендэрийн бодлого хийгээд чадалтай сайн хуульч,
туршлагатай улстөрч дэвшүүлье гэвэл МАН-ынхан Б.Долгорыг гаргаж ирэх
бүрэн боломжтой.
МАХН-МҮАН-ын эвсэл УИХ-ын гишүүн асан
Ц.Оюунбаатарыг дэвшүүлэхээр болжээ. Тэрбээр 2000-2004 онд УИХ-ын гишүүн
байсан, Улсын татварын ерөнхий хороог хожим нь даргалж байв. МАХН буюу
одоогийн МАН дотор 2004 оны сүүлээр “Уламжлал, шинэчлэл-Ардчилал,
шударга ёс” жигүүрийг байгуулалцаж байсан, нэлээд шударга үгтэй хүний
тоонд ордог.
ИЗНН одоогоор Өмнөговьд хүний нэр дэвшүүлээгүй,
нээлттэй үлдээсэн гэсэн хариу өгч байна. Гэхдээ н.Магсар, Б.Цэдэнсамбуу
гэсэн хоёр хүний нэр дуулдаж буй. Тэдний тухай тодорхой мэдээлэл лав л
намын Үндэсний хорооны зарим гишүүний хувьд алга. Б.Цэдэнсамбуу биш,
АН-аас өмнө нь, 2000 оны үед УИХ-д нэр дэвшиж байсан Б.Цэдэнсамба байж
мэднэ гэсэн яриа ч дуулдав.
Ийнхүү “Гандирс”-ын тойргийн ганц
суудал дээр улс төрийн гол намуудаас дандаа УИХ-ын гишүүн байсан хуучин
улстөрчид хүч үзэх бололтой байна. Монголын ирээдүйг тодорхойлох
хүчирхэг аймгийн ганц тойргийн мандатыг хэнд нь өвөрлүүлэхийг Өмнийн
говийнхон л мэдэх хэрэг болж үлджээ.