Пуужингаас хамгаалах систем байрлуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Пуужингаас хамгаалах систем байрлуулна

АНУ-ын
Чикаго хотноо өчигдөр НАТО-гийн уулзалт эхэллээ. Уулзалтаар эвслийн
цэргийг Афганистанаас гаргах, Европт Пуужингийн довтолгооноос хамгаалах
системийг  (ЕПДХС) байрлуулахтай холбоотой зардал төсвийн асуудлыг
хэлэлцэх багтжээ. ЕПДХС нь Оросын талтай маш өргөн цар хүрээтэй
маргааныг босгоод байгаа билээ. НАТО-гийн уулзалтын үеэр ЕПДХС нь
пуужинг угтан сөнөөх бэлэн байдалд бараг орж буйг Хойд Атлантын эвсэл
зарлав. Ингэснээр Газар дундын тэнгист угтан сөнөөх пуужинтай хөлөг
онгоцнууд байрлаж, Турк дэх радарын төхөөрөмж ажиллаж эхэлнэ гэсэн үг
юм.

Европын пуужингийн довтолгооноос хамгаа­лах системийг
(ЕПДХС)  тойрсон маргаан эртнээс дэгдсэн юм. НАТО-гийн орнууд нь Иран,
БНАСАУ зэрэг урьдчилан  төсөөлөх аргагүй бодлоготой орнуудын
довтолгооноос хамгаалахад уг систем хэрэгтэй гэж үздэг. Харин үүнийг
Орос эсэргүүцэж буй. Учир нь энэ систем нь ОХУ-ын цөмийн зэвсгийн
хүчнийг үнэ цэнэгүй болгоно гэж үзжээ. ЕПДХС нь Чикаго хотноо болж буй
НАТО-гийн уулзалтын ярилцах гол сэдэв юм.

ЕПДХС-ийг байгуулах
шаардлага, ирээдүйн тухай НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс
Фог Расмуссен, Карнегийн сангийн Брюсселийн салбарын захирал  Ян Техау
(Jan Techau), Энх тайван, аюулгүй байдлын бодлогыг судлах Гамбургийн 
хүрээлэнгийн ажилтан  Оливер Майер (Oliver Meier) нар Германы DW
агентлагад өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй мэдээлжээ.

Оросын пуужин болгоныг устгах боломжгүй  

Чикагогийн
уулзалтаар ЕПДХС-ийг байрлуу­лах талаар шийдвэр гарна гэдэгт НАТО-гийн
ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен эргэлзэхгүй байна.
Тэрээр өнөөг хүртэл энэ талаар Оростой тохиролцоонд хүрч чадаагүйдээ
харамсч байгаа аж. “Бид Оростой хамтын ажиллагаа явуулахыг сайн зүйл гэж
үзнэ. Бид оросын болон манай системийн мэдээллийг солилцож болохоор
байгаа. Тэр нь хамгаалалтыг илүү үр дүнтэй болгоно. Харамсалтай нь бид
тохиролцоонд хүрсэнгүй. Гэхдээ бид Чикагогийн саммитийн дараа санал
бодлоо солилцон ярилцах болно” гэж тэр хэлжээ.

“Москвагаас
сонсогдож байгаа аюул заналыг ноцтойгоор  хүлээн авахгүй байхыг хэлж
байна. Москва зэр зэвсгээр сүр далайлган урьдчилсан сөрөг цохилт хийнэ
гэж байгаа нь зөвхөн Оросын дотоодын улс төрийн тэмцэл” гэж Карнегийн
сангийн Брюсселийн салбарын захирал Ян Техау ярив. “Үнэн хэрэгтээ Путинд
засаг шилжүүлэх ажил төгсөөгүй учраас Төрийн думын сонгуулиас эхлээд
Орост эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна” гэж тэр тэмдэглэв. “Тэгээд ч
тэр дэглэм, тэр засгийн газар,  тэр хэсэг хүмүүст улсын доторх бодлогоо
нэгтгэн нийлүүлэхийн тулд гадаад дайны дүр хэрэгтэй” хэмээн тэр онцлон
хэлсэн байв.
Энх тайван, аюулгүй байдлын бодлогыг судлах Гамбургийн 
хүрээлэнгийн ажилтан  Оливер Майер өөрийн зүгээс Оросын болгоомжлолыг
хийсвэр санаа хэмээн дүгнэв. “Пуужингийн ихэнх усан онгоц дээр байрлах
учраас тэднийг яаж байрлуулахаас хамаарч зөвхөн Ираны ч биш Оросын
пуужинг угтан барьж болох талтай. Одоо Орост хэдэн мянган цөмийн цэнэг
байгаа. Америкийн энэ систем тийм тооны пуужинг нэг бүрчлэн угтан
устгаад байна гэдэг нь хийсвэр, бүтэлгүй яриа юм” гэж Оливер Майер ярив.

Цөмийн зэвсгийг хорогдуулах ажлыг удаашруулж магадгүй

 
Ингэж
ярихдаа Оливер Майер өөр нэг аюул заналын талаар хэлэв. Калининград
мужид “Искандер” гэх пуужингийн цогцолбор байрлуулахаар Оросын хийж
байгаа ажил юуг ч хувиргахгүй. Харин ЕПДХС байгуулах нь цөмийн зэвсгийг
хорогдуулах үйлдлийг удаашруулж магадгүй юм. Талуудад хичнээн цөөн тооны
пуужин байна, түүнийг угтан устгахад амар. Зэвсэглэлийн шинэ систем
бүтээх нь зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнийг гаргана хэмээн Майер
хэлэв.

Энэ аюулыг ч Ян Техау харж байна. ЕПДХС нь Оросын асар их
пуужинт цөмийн зэвсгийг үнэгүйдүүлэх  чадваргүй гэдгээр оросуудыг
итгүүлэхэд хэцүү. Гэхдээ оросууд 1980-аад оны туршлагаасаа сургамж аван
айж байгаа. Учир нь зэвсэглэлээр хэт хөөцөлдсөн нь Зөвлөлт улсыг
бутарган сүйрүүлсэн билээ. Тиймээс ч тэд эвлэршгүй байр сууринд байгаа
гэж Ян Техау өгүүлэв.

Энэ систем нь Оросын эсрэг биш бөгөөд
Европын биш орнуудаас гарах заналын эсрэг юм гэж НАТО-гийн ерөнхий
нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  хэлж байна. НАТО Оросыг
дайснаа гэж үздэггүй. Арван таван жилийн өмнө Хойд Атлантын эвсэл ба
Москва харилцан үл довтлолцох баталгаа гаргасан баримт бичигт гарын үсэг
зурсныг тэр санууллаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж