Дрогба “Челси”-гээс явна

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Германы Мюнхен хотноо “Альянц Арена” цэнгэлдэхэд бямба гаригийн шөнө болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтын баатар нь байж, “Челси”-д түүхэн ялалт авчирсан Дидье Дрогба Хятадын лигт тоглохоор болжээ. Багийн удирдлага түүний асуудлаар “Шанхай Шеньхуа” багтай хэдийнэ тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл гарч эхлээд байна. Ингэснээр Дрогба багийн экс-хамтрагч Николья Анелкагийн хамт нэг багт тоглохоор болж буй юм. Анелкагийн тухайд өмнөд хөршийн багт долоо хоногт 400 мянган ам.доллараар цалинжиж байгаа билээ.

Дрогба явснаар “Челси”-гийн эзэн Роман Абрамович багтаа шинэ хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэрбээр Аваргуудын лигийн анхны түрүүг “Челси”-гийн хувьд дөнгөж эхлэл хэмээн итгэл төгс мэдэгдсэн. Хөлбөмбөгийн багтаа бараг нэг тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн тэрбээр ялалтын дараа багийн хувцас солих өрөөнд очиж, цаашид ч ихийг төлөвлөж буйгаа дуулгасан гэнэ.

Энэ долоо хоногт тэрбээр Роберто ди Маттеотой уулзаж, гэрээний хувилбар санал болгох гэж буй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Абрамович “Барселона”-гийн экс-дасгалжуулагч Пеп Гуардиолаг авчрахаар зориг шулуудсанаа хэдийнэ мэдэгдсэн, харин Гуардиола ямартай ч нэг жил амралтаа авна гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс тэр хүртэлх хугацаанд Ди Маттеог ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Ди Маттео бол “Челси”-гийн тоглогчдоос бүгдээс нь дэмжлэг аваад байгаа гэж болно.

Харин Дидье Дрогбагийн явах тухай асуудалд “Челси”-гийн захирал Брюс Бак хэлэхдээ багийн гүйцэтгэх захирал Рон Горлей, Дрогбагийн төлөөлөгчтэй уулзана гэсэн байна. Тэрбээр “Бид Дидьед хайртай. Тэр бол үнэхээр сайн тоглогч. Гэхдээ бид түүний хувьд ч, “Челси”-гийн хувьд ч аль нь хамгийн тохиромжтой шийдвэр вэ гэдгийг бодолцох ёстой. Тэр үргэлж том тоглолтын баатар байсаар ирсэн” хэмээжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж